Гадилаас болгоомжлоорой

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
Г.Сүмбээ

Гадил жимсэнд дургүй хэн байх билээ. Тэгвэл энэхүү жимсийг сонгон хэрэглэх үедээ сонор сэрэмжтэй байх шаардлага дэлхий даяар, ялангуяа өөрсдөө гадил жимсээ тарьж ургуулдаггүй манайх шиг Ази тивийн улсуудад тулгарч буй бололтой.

Учир нь гадил жимсэнд сонгомлоор халдварладаг нэгэн төрлийн өвчин Ази тивд дэгдэж, Ойрхи Дорнод болон Африк, Австрали тивүүд рүү тархжээ. Үй олон гадил өртөөд буй энэхүү өвчин нь “Панамын өвчин” хэмээх нэршлээрээ алдартай бөгөөд энэ нь нэг төрлийн мөөгөнцөртөх өвчин юм байна. Харин Ази дахь хамгийн том гадил жимс үйлдвэрлэгч орнууд бол Хятад болон Энэтхэг бөгөөд эдгээр улсууд энэхүү өвчнөөс болж шаналж буй экспортер орнуудын тоонд байгаа нь эдгээр жимс манай улс руу орж ирэх вий гэсэн болгоомжлолыг үүсгэж байгаа юм.

Сонирхолтой нь гадил хэмээх энэхүү амтат шар жимсэнд өөрийн гэсэн Олон Улсын Конгресс байдаг байна. Үүссэн хэрэг явдлаас үүдэн Коста-Рикад байрладаг энэхүү байгууллага цаашид гадил жимсний халдварт өвчнийг өөр бүс нутаг руу тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэд хоногийн өмнө Миами хотноо хуралдаад амжжээ.

Панамын өвчний түүх

Түүх сөхвөл энэхүү өвчин анх удаа гарч байгаа хэрэг биш ажээ. 1960-аад оны үед энэхүү Панамын өвчний бас нэгэн хэлбэр нь тухайн үед дэлхийн хүмүүсийн хамгийн их иддэг байсан “Грос Мишел” сортын гадил жимсэнд эрчимтэйгээр халдварласныг  амжилттай дарсан байна. Үүний дараагаар гадил жимсний аж ахуй эрхлэгч нар өдгөө хэдийнэ дэлхийн өргөн хэрэглээ болоод буй Кавендиш сортын гадил жимсийг Грос Мишел-ийн оронд тарьж ургуулж эхэлжээ. Учир нь тухайн үед хийсэн туршилт судалгаагаар Кавендиш сорт нь хэдийгээр харьцангуй доод сорт боловч Панамын өвчинд хамгийн тэсвэртэй төрөл зүйл хэмээн тооцогдож байснаас болсон байна.

Бүх гадил энэ өвчинд өртсөн үү?

Хэдийгээр дэлхий дээрх бүх сортын гадил мөөгөнцөртөөгүй боловч хамгийн харамсалтай нь олон улсын зах зээл дээр хамгийн өргөн зарагддаг “Кавендиш” хэмээх сортын гадил жимс энэхүү өвчинд өртжээ.

Тиймээс НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага энэ дөрөвдүгээр сарыг 36 тэрбум ам. доллартай тэнцэхүйц их хэмжээний Кавендиш гадил жимсний хамгийн хор хөнөөлтэй өвчинтэй тэмцэх сар болгон зарлаад байна. 

Гадил жимсний ирээдүй юу вэ?

Одоо дэлхий даяар гадилын аж ахуй эрхлэгчид болон энэ талын судлаач нар Ази тив дэх гадил жимсний борлуулалт болон тариалалтыг гацанги байдалд оруулаад байгаа Кавендиш сортын гадил жимсийг ямар сортын дараагийн шинэ төлөөлөгчөөр орлуулж худалдаанд нэвтрүүлэх тал дээр толгойгоо өвтгөж байна.

Бельгийн биологич Ван Ден Бергийн CNN агентлагт өгсөн мэдээллээр: “Тайван улс Кавендиш сортыг мутацид оруулж хэд хэдэн шинэ төрөл гарган авсан бөгөөд тэдгээрийг Филиппин болон Хятад улсууд туршилтанд оруулж байгаа. Туршилтын үр дүн эерэг байх нааштай хүлээлт бидэнд бий. Гэвч эдгээр мутант Кавендиш гадилууд нь хол зайн тээвэрлэлтэд чанараа сайн хадгалж чадахгүй байгаагийн дээр хүмүүсийн хэрэгцээнд нийцэхээр тийм сайхан амттай биш байгаа юм” хэмээн хэлжээ.

Энэ өвчлөл хэнд ашигтай вэ?

Латин Америк нь Хойд Америк болон Европ тивийг гадил жимсээр хангагч хамгийн том нийлүүлэгч юм. Сайн мэдээ гэвэл одоогоор Латин Америкаас экспортолж буй Кавендиш гадил жимс ямар нэгэн асуудал дагуулаагүй байна. Тийм учраас аюулгүй гэгдээд байгаа Латин Америкийн гадил жимсний гол хэрэглэгчид болох Хойд Америк болон Европ тивийнхэн аюулгүйгээрээ дулдуйдсан гадил жимсний үнэ тэнгэрт хадах вий хэмээн болгоомжилж байна.

Одоогийн байдлаар барууны хүнсний дэлгүүрүүдэд худалдаалж буй гадил жимсний үнэ өсөөгүй хэвээрээ байгаа боловч, хэрэв тэд үнээ нэмвэл Кавендиш сортын монополь үйлдвэрлэгчид болох боломж ч бас байна. Гэхдээ энэ бол халдвар Латин Америкийн улсууд руу тархаагүй тохиолдолд яригдах сэдэв юм.

Олон улсад учирч болох эрсдэл

Панамын өвчний үүсгэгч нь гадил тариалсан газар нутгийн хөрсөнд 40 жилийн турш амьдрах чадвартай байдаг нь байгаль орчин талаасаа эрсдэлтэй зүйл юм.  НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгуулагын анхааруулснаар: “Панамын өвчний тархалт нь гадил жимс ургуулагч, худалдаалагч гэх мэт аж ахуйн нэгжүүдэд хүнд цохилт болж болзошгүй” хэмээжээ.

Эдийн засаг талаасаа энэхүү тархмал өвчний дэгдэлтээс болж тэрбум тэрбум доллараар хэмжигдэх хүнс хаягдал болох эрсдэлтэйн дээр найдвартай шинэ сорт гарган авч түүнийгэээ аж ахуйд нутагшуулах гэдэг түүнээс ч их хөрөнгө шаардсан томоохон сорилт болоод буй юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна