АНУ “F-22” сөнөөгчөө Хар тэнгис рүү илгээжээ

2016 оны 4 сарын 27

АНУ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн радарт баригддаггүй  “F-22 Raptor” сөнөөгч онгоцоо Румын руу илгээжээ. Хар тэнгисийн эрэг дэх Румын улс нь Украин, Крым хойг, ОХУ хүрэх хамгийн ойр байршил юм. АНУ хоёр ширхэг  “F-22 Raptor” сөнөөгч онгоцоо НАТО-гийн сургуулилтад оролцуулахаар Румын руу илгээсэн байна. Энэ нь цэргийн сургуулилтаас гадна Хар тэнгист хүчээ зузаатгасан ОХУ-д дарамт үзүүлэх давхар зорилготой аж. Крым 2014 онд Украинаас салж ОХУ-д нэгдсэнээс хойш Москва хойгт цэргийн сургуулилт хийх болсон бөгөөд тэнгисийн цэргийн хүчин чадлыг сайжруулахад 2.4 тэрбум ам.долларыг зарцуулах болсноо мэдэгджээ.

Өмнө нь Балтын тэнгис дэх АНУ-ын “USS Donald Cook”  байлдааны усан онгоцны хажуугаар Оросын хоёр сөнөөгч онгоц ниссэн байв. Үүний дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Оросын байлдааны онгоцнуудыг буудах ёстой байсан гэж мэдэгдсэн билээ.

Украины хэрэг явдлаас үүдэн зүүн Европын орнууд ОХУ-аас болгоомжлох болсон юм. Харин ОХУ-ын зүгээс НАТО-г дорно зүгт хүрээгээ тэлж, хилд нь тулж ирснийг шүүмжилж байна. Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна