АН хойшоо ухрав уу?

2016 оны 4 сарын 27

Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аас хэлэлцэж, “Шударга ёс” эвслээс тав хоногийн завсарлага авах хүсэлт тавьсан ч хугацаа байхгүй гэдэг үүднээс УИХ-ын дарга хугас өдрийн завсарлага өглөө.

Уг асуудлыг УИХ маргааш дахин хэлэлцэх юм.  Хэдийгээр гуравдагчдын зүгээс жагсаалтыг байхгүй болгох Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж буй ч УИХ дахь АН, МАН бүлгийн олонх дэмжих нь ойлгомжтой болсон. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг хэлэлцэх үед Монгол ардын намын зүгээс сонгуулийг мажоритар системээр явуулах саналыг гаргаж байсан билээ.  Учир нь жижигчилсэн 76 тойргоор сонгуулийг явуулах нь МАН-д ашигтай байсан учраас тэр. Ялангуяа хөдөө орон нутагт МАН-ын рейтинг эрх баригчдыг бодвол арай илүү байгаа.  Харин хотод Ардчилсан нам, Ардын намын рейтинг бараг ойролцоо яваа юм. 

Дээр нь өнгөрсөн жилүүдэд эрх баригчдын нэр хүнд навс унасан. Дотоодын зөрчлөөс болсон тэдний ил цагаандаа гарсан хэрүүл Ардчилсан намд сөрөг оноог цуглуулах болсон билээ.  Эдийн засгийн хямрал эрх баригчдын улс төрийн талцал, тэмцлээс болсон гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болсны  дээр нь АН-ын сонгогчид хэдэн хэсэг болон хуваагдчихаад байгаа нөхцөлд  жижигчилсэн 76 тойргоор сонгуулийг явуулбал АН-д ашиггүй юм. Хэрэв  энэ удаагийн сонгуулийг холимог системээр сонгуулийг явуулахыг АН дэмжбэл, АН-ын рейтиг 20 хувьтай байгаа гээд тооцвол одоогийн 35 суудлаа хадгалж чадахгүй ч 20 гаруй суудал авах боломж байгаа. Харин абсолют мажоритар системээр сонгуулийг зохион байгуулсан тохиолдолд  Ардчилсан нам 2000 оны түүхээ давтаж, бүгдээрээ гудамжинд “лааз” өшиглөж магадгүй байна. 

Н.Энхбаярын “оймсонд хавчуулагдагсад”-аас болоод жагсаалтын нэг хүнд массын төвшинд унасан ч улс орны эрх ашиг, намын бодлого талаасаа бол сонгуулийг холимог системээр явуулах нь олон муунуудаас хамгийн сайн хувилбар.  Гол нь намууд жагсаалтад хэнийг оруулах вэ гэдгээ сайн бодолцсон тохиолдолд холимог систем нь Монголын хөгжил талаас нь авч үзвэл  эрх баригч нам бодлогоо  хэрэгжүүлэх  боломжийг олгож байдаг.

“Мажоритар  системээр сонгуулийг явуулбал массад таалагдахын тулд улсаа хорлохоос буцахаа байсан хуурамч “эх орончид”, популистууд, олигархиуд сонгогдох магадлал харин ч өснө. Монголын санал өгөх насанд хүрэгчдийн хэд нь сонгогчийн боловсролтой вэ гээд санал асуулга явуулбал сонирхолтой үр дүн гарч магадгүй шүү. Тэр тусмаа “Сант Марал”-ын судалгаагаар рейтингтэй өндөртэй улстөрчдийн тоонд Х.Баттулга, Г.Уянга, С.Ганбаатар, Н.Энхбаяр байгаа нөхцөлд дараагийн парламент дан популистууд, хуурамч эх орончдоос бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч байна.

Манай улс төрийн намууд, намуудын дарга нар өөрийнхөө тойрон хүрээлэгчид, фракцийнхаа хүмүүсийг эхэнд эрэмбэлэчихдэг нь жагсаалтын сайн талыг харлуулсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой.   Өнгөрсөн 2012 оны сонгуулиар О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан нь жагсаалтын буруу биш, МАХН-ын алдаа гэж хэлж болно.

Өнөөдрийн нийгэмд жагсаалтын ард олигархиуд, авлигачид нуугдаад ороод ирэх вий гэсэн болгоомжлол байгаа нь үнэн. Тиймээс ч ард түмнээс шууд сонгогдох мажоритар хувилбарыг нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлөн АН,МАН дэмжих нь  нэгэнт тодорхой болсон.  Уг нь сонгуулийг холимог системээр явуулаад намууд хамгийн нэр хүндтэй, рейтинг өндөртэй,  авлига, хээл хахуульд холбогдоогүй шударга, нэр цэвэр улстөрчдөө жагсаалтад эрэмбэлээд оруулаад ирэх юм бол улс орны хөгжилд ч, намуудын хувьд ч зөв хувилбар байсан юм.

 Гол нь жагсаалтыг олигархиуд мөнгөөр худалдаж аваад ороод ирэх вий гэсэн ард түмний сэтгэлзүй дээр Ардын намыхан тоглож, өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбарыг АН-аар батлуулахаар оролдож байна.

Хэрэв “мажоритар  системээр сонгуулийг явуулбал массад таалагдахын тулд улсаа хорлохоос буцахаа байсан хуурамч “эх орончид”, популистууд, олигархиуд сонгогдох магадлал харин ч өснө. Монголын санал өгөх насанд хүрэгчдийн хэд нь сонгогчийн боловсролтой вэ? гээд санал асуулга явуулбал сонирхолтой үр дүн гарч магадгүй шүү. Тэр тусмаа “Сант Марал”-ын судалгаагаар рейтингтэй өндөртэй улстөрчдийн тоонд Х.Баттулга, Г.Уянга, С.Ганбаатар, Н.Энхбаяр багтсан гэхээр дараагийн парламент дан популистууд, хуурамч эх орончдоос бүрдэж магадгүй гэсэн эмзэглэл ч бий. Тэр тусмаа АН, МАН-ын дарга нар рейтингээрээ айргийн тавд ч багтахгүй байгаа нөхцөлд мажоритар системээр сонгуулийг явуулна гэдэг АН-ын хувьд унах нүхээ ухсанаас ялгаагүй болно.

Олон улсын хувьд мажоритароос холимог систем руу, холимогоос дан пропорциональ систем рүү шилжиж байгаа өнөө үед АН-ынхан өмнөх сонгуулиар хэлж ярьж байснаасаа хоёр алхам хойшоо ухрах нь ямар шалтгаантай байв аа.

  Ардын намын хувьд хөдөөд найдлага тавьж байгаа бол АН-ынхан хотод боломжоо хайж байна. Гэхдээ эрх баригч намын нэр хүнд даргатайгаа, засагтайгаа, юутай хээтэйгээ уначихаад байхад хамгийн муу хувилбарыг сонгодог нь “амиа хорлосон”-той агаар нэгэн баймаар. Өнгөрсөн дөрвөн жилд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг томоор нь харахаас илүү өрхийнхөө жижиг төсөв дээр “хямрах” массаа бодсон ч АН мажоритарыг дэмжих нь буруу. Сонгуулиас өөрийг бодолүй, АН-ын засгийн бодлого болгоныг “бойкотлож” сандал суудлын хэрүүл хийсэн МАН байг гэхнээ дөрвөн жилийн дотор багагүй бүтээн байгуулалт өрнүүлсэн АН-ын хувьд  алдах юм олон байна гэдгийг анхааруулахад буруудахгүй. Учир нь УИХ-аар  жижиг 76 хувилбарыг арай баталчихаагүй байна шүү дээ.

Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна