Ломбард Монгол

2016 оны 4 сарын 27

Өдөртөө 2 талх, хиам өндөгөө авчихаад подхийтэл амьдардаг байсан манай гэрийнхэн сүүлийн үед бүсээ жаахан чангалж, өрх гэрийн төсөвтөө улсаар бол тодотгол хийж, зөвхөн талх масло төдийхнөө авдаг боллоо.

Аргагүй дээ. Улс орон маань жаахан хэцүүхэн  байна. Цалин маань ч гэсэн заримдаа цагтаа, заримдаа хугацаа хожигдож буудаг болсон нь амьдралд нөлөөлж л байна. Гэхдээ зүгээрээ. Амьд хүн аргатай.  Нэг л өдөр бид чинь цалингаа хураадаг, хуримтлуулдаг болно гэсэн итгэл надад бий. 

Үнэхээр ч нэгэн агуу улстөрчийн би монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн хэлсэн шиг би хэзээ нэгэн цагт монгол хүний амьдрал сайжирч,  эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ хэмээн итгэдэг юм.

Харин тэр хүртэл мөнгө дутвал зээлчихээд мөнгөтэй болохоороо буцааж өгөөд л амьдарч л байна. Гэхдээ өгөх хүн бөхийж, авах хүн гэдийдгийн үлгэрээр хүнээс нүүрээ ширлэн байж мөнгө гуйна гэдэг ч бас л хэцүү даваа шүү.

Статистик мэдээллээр Монголын нийт иргэдийн ихэнх хувийг эзэлдэг дундаж амьдралтай хүмүүс мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарсан үед нэг бол танил талаасаа мөнгө зээлдэг эсвэл ломбард, банк бус санхүүгийн байгууллага нь авралын од болдог хэмээн хариулжээ. 

Үнэхээр ч эргэн тойрноо харъя. Бидний эргэн тойронд ах дүү, найз нөхөд гээд янз бүрийн ажил алба, амьдрал ахуйтай хүмүүс бий.

Хэд хоногийн өмнө танил минь утас цохилоо. Барагтай л бол муугаа хүнд үзүүлдэггүй танил маань “...Мөнгө зээлэх үү” гэж байна. Араас нь үргэлжлүүлээд аав ээжийнхээ үлдээсэн эртний хийцтэй хэдэн мөнгө аягыг ломбардад тавьчихсан.  Хүүг нь төлж явсаар хураагдах дээрээ тулаад байгаа. “Хэдхээн” төгрөг байвал тэрийгээ авчихмаар байна. “...Зээлээч хө” гэж байна.

Уг нь ч цалин нь удахгүй буух юм байна. Даан ч зээлээ төлөх хугацаа нь тулжээ.

Хоёр гурван хоногийн дараа дүү минь ирж уулзлаа. Аргагүйдээд явж байна, туслаарай гэлээ. Яасан ийснийг асуувал унааны ганц машинаа ломбардад тавьчихаж. Бас л хүү нь талийж, үндсэн зээлдсэнээ төлж амжаагүй байтал зээлээ хаах хугацаа нь болчихож гэнэ.

Хэдхэн хоногийн дотор надаас мөнгө асуусан нь энэ хүмүүс. Намайг мөнгөтэй төгрөгтэй гэж биш. Өөрсдийн адил жирийн амьдралтай нэгэн гэдгийг мэднэ л дээ. Зүгээр л аргаа бараад, байж магадгүй, байвал өгч магадгүй гэсэн итгэлээр л уулзаж байгаа нь энэ.

Гэхдээ зээл авахын тулд заавал өөрийгөө эвгүй байдалд оруулах ч шаардлагагүй л юм байна лээ л дээ.

Манай ажлын хүүхэн надтай яг л адилхан цалин авдаг, яг л адилхан нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг хирнээ тэр бүр мөнгө зээлэх үү, мөнгө дутаад байна гэх нь ховор. Ажлынхнаараа мөнгө хураах гэх мэт гэнэтийн тохиолдолд ч үргэлж мөнгөтэй. Дэлгүүр хоршоо орсон ч хоол ундаа авчихдаг. Наддаа бас хааяа цалин буухаар өгөөрэй гээд хэд гурван төгрөг зээлэх нь ч бий.

Чи яаж ингэж мөнгөгүйдэж, хурныхгүй амьдарч чадаад байна гэсэн асуултад банкны зээлийн эрхтэй карттай гэж хариулсан. Мөнгөний хэрэгцээтэй үедээ зээлийн эрхтэй картаасаа төлбөрө төлчихөөд хугацаандаа эргүүлээд төлчихвөл хүү авдаггүй. Бүүр аргагүйдвэл зээлсэн мөнгөнийхөө 20 хувийг төлчихдөг. Хүний л амьдрал юм хойно. Мөнгөний хэрэгцээ гарна. Хүнээс царай алдахгүй, өөртөө жаахан санхүүгийн сахилга бат суулгачихад л бүх зүйл Ок гэж тэр хэлсэн. Үнэхээр ч боддог л бодол, санадаг санаа.

Өнөөдөр бид удам дамжсан үнэт зүйлсээ, хайртынхаа бэлэглэсэн ээмэг зүүлтээ өндөр хүүтэй ломбарданд хаяж санхүүгийн гэнэтийн бэрхшээлээс түр зуур гарах хэрэг юу байнаа.

Алийн болгон “Ломбард Монгол” байх вэ.  Цаана чинь бас арга байна.