Дарьгангад хайгуул хийнэ

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2016.04.27/ боллоо.


ГАЦУУРТЫН ОРДЫГ УДАХГҮЙ ОЛБОРЛОЖ ЭХЭЛНЭ 

Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байх тогтоолыг УИХ өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ хавартаа багтаад “Сентерра Гоулд” компани Ноён уул хайрханд олборлолтоо эхэлнэ гэж өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд “Сентерра Гоулд” корпорацийн ерөнхийлөгч Фрэнк Херберт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хоёр ч удаа айлчилж, Гацууртын ордын Хөрөнгө оруулалтын болон Орд ашиглах гэрээний явцын талаар  Уул уурхайн яамныхантай ярилцаж, ойрын хугацаанд гэрээнүүдийг эцэслэн шийдэхээр тохиролцсон байна. “Сентерра Гоулд” компаниас Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг хүсчээ. Мөн удахгүй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэдтэй уулзаж, саналыг сонсон хамтран ажиллах гэрээ байгуулна гэлээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар Гацууртын ордыг хэрхэн яаж ашиглахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцох ажил үргэлжилж буй юм. Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшсэнээр засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432,3 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт есөн жилийн хугацаанд Монгол Улсад орж ирнэ гэж салбарын яам нь тооцжээ. Харин Гацууртын ордыг ашигласнаар нийт таван төрлийн татвар хураамжийг авах юм. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь суурь төлбөр болон үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх төлбөр, тусгай гэсэн гурван төрлөөр  төлбөр хураамж авна.

ДАРЬГАНГАД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙНЭ

Газрын тосны газар “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компанитай газрын тосны хайгуулын “Дарьганга-XXIV” талбайд газрын тосны хайгуул хийх Бүтээгдэхүүн хуваах гэрээнд энэ сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ. “Haicheng Petroleum Machinery Manufacture Group” компани нь тус талбайн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг Монгол Улсад бүртгэлтэй “Монголиа шин ий энержи” ХХК-иар дамжуулан гүйцэтгэх  юм байна. Ингэхдээ  эхний дөрвөн жилийн хугацаанд 25 сая ам.долларын хөрөнгө оруулна. Цаашид тус талбайн хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч нэмэлт хөрөнгө оруулалтыг хийнэ гэж талуууд тохиролцсон тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тайлбарлалаа. Харин дэлхийн зах зээл дээрх газрын тосны баррелийн үнэ өссөн. Цаашид ч өсөх хандлагатай болжээ. Тухайлбал энэ сард нэг баррель нь 67 ам.доллар байсан бол тавдугаар сард энэ дүн 12 ам.доллараар нэмэгдэх төлөв ажиглагдсан байна.

НҮҮРСНИЙ ҮНЭ УНАЛТТАЙ БАЙНА

2016 онд нийт 19 сая 500 мянган тонн нүүрс урд хөрш рүү экспортлоно гэж Уул уурхайн яам төлөвлөжээ. Үүнээс эхний гурван сард 5.2 сая тонн нүүрс олборлож, 3.3 сая тонныг нь хилээр гаргасан байна. Нүүрсний үнэ сүүлийн саруудад уналттай явна. Гашуунсухайт боомтод нэг тонн нүүрсний үнэ 39-41 доллар, Тавантолгойн уурхайн аман дээр тээврийн зардал шингээгүй үнэ нь 25 доллар байна. Уул уурхайн ажлын улирал нь эхэлж буй учир ирэх 7-12 сарын хооронд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж УУЯ-наас мэдэгдэв. Дэлхийн зах зээлд дээр коксжсон нүүрсний үнэ өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд буурчээ.

Монгол Улсад нүүрс экспортлож буй 14 аж ахуйн нэгж байна. Оны эхний хоёр сарын байдлаар дээрх компаниуд хоёр сая тонн нүүрс урд хөрш рүү гаргажээ. Харин эрчим хүчний салбарт нүүрс олборлож нийлүүлдэг 36 компани байна. Тэд эхний хоёр сард 1.7 сая тонн нүүрс экспортлосон байна. Цаашид нүүрс экспортын хэмжээ зугуу зугуухан өснө гэж Р.Жигжид сайд мэдэгдсэн юм.

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна