Пхеньян дахин пуужин хөөргөхөөр зэхэж байна

2016 оны 4 сарын 27

Хойд Солонгос  дундын зайн тусгалын баллистик пуужин хөөргөхөөр зэхэж байгааг “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдрөөр /2016.04.15/ дундын зайн тусгалын Мусудан баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон юм. Хойд Солонгос өмнөх туршилтын алдааг засч, дахин баллистик пуужин хөөргөхөөр зэхэж эхэлжээ.

Мусудан пуужин амжилттай хөөрвөл 3000 км зайд тусах чадалтай аж. Хойд Солонгосын баллистик пуужин Япон болон АНУ-ын Гуамд хүрэх боломжтой гэнэ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос шумбагч хөлгөөс баллистик пуужин хөөргөх туршилт хийсэн билээ.

Пхеньяны сүүлийн туршилтын дараа АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системийг Солонгосын хойгт байршуулах асуудлаарх яриа хэлцэлээ эхэлсэн байна. Пуужингаас хамгаалах системийг Солонгосын хойгт байршуулахыг Хятад улс сайшаахгүй байгаа юм.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, дараа нь хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүй зөвлөл хатуу хориг тавьсан юм. Гэвч энэ нь Хойд Солонгосын пуужин хөөргөх үйл ажиллагаанд саад болж чадахгүй байна.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна