“Ард Аюуш”-ийн түрийвч музейд хадгалагдаж байна

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
А.Цээсүрэн

Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл, түүний гэрэл зураг, архив гээд Ард Аюушийг судалдаг бүхий л салбарын судлаачдын эрдэм шинжилгээний хурал Монголын үндэсний түүхийн музейд болж байна. Тус хуралд “Ард Аюуштай холбогдох музейн нэгэн үзмэрийн тухай” хэмээх сонирхолтой сэдвээр оролцож буй Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаярын илтгэлийг онцоллоо.

Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгт Ард Аюушийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс ганцхан түрийвч нь л байдаг ажээ. Харахад энгийн нэгэн түрийвч Ард Аюуштай хэрхэн холбогдож буй нь сонирхолтой юм. Уг түрийвчийг анх 1959 онд музейн данс бүртгэлд тэмдэглэжээ. Тодруулбал,  1962 онд явуулсан музейн үзмэрийн тооллогод “Мөнгөний хар түрийвчийг Ховдын Цэцэг нуурын ард Аюуш хэрэглэж явжээ” хэмээн товчхон тэмдэглэсэн байна. Харин 1980-иад оны дансанд “Түрийвч. Мөнгөний хар савхиар хийсэн, цэцгэн хээтэй, амсартаа төмөртэй, жижиг хар /Ард Аюушийн/” гэж дурдсан. Хамгийн сүүлд 2008 оны ерөнхий бүртгэлийн дэвтэрт “Хоёр талдаа цэцэг навчин хээтэй, амсартаа төмөр түгжээтэй бор сарьсан түрийвч. Ард Аюуш хэрэглэж байсан” гэхчлэн тэмдэглэжээ. Энэ бүхнээс үзэхэд энэ түрийвч нь Ард Аюуш хэрэглэж байсан гэж ойлгож болох юм. Гэхдээ энэ нь хэдийд хэнээс музейд ямар арга замаар /Худалдсан, бэлэглэсэн, цуглуулсан, хандивласан, шилжүүлсэн/ өгсөн нь тодорхойгүй байсаар байна. Энгийн бааздуу хийц маягаас харахад Хаант Орос, эс бөгөөс ЗХУ-д ч хийсэн гэх таамаглал ч байна. Мөн он цагийн хувьд XIX зууны дунд болон сүүл үе, XX зууны эхэн хагаст хамаарах магадлалтай ажээ.

Монголын үндэсний музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Ууганбаяр “Ард Аюушийнх эсэхийг судалж, тайлбарлах шаардлагатай байна. Түүхэн хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс гэхээр хөөрөг, гаанс зэрэг үнэт зүйл байдаг. Гэтэл Ард Аюушийн хэрэглэж байсан энгийн түрийвчийн үзвэр бий. Анх энэ үзмэрийг музейд ажилладаг Наваан гэдэг хүн авч ирсэн байдаг юм билээ. Улсын төв архивт байгаа бичиг баримтыг шүүж үзвэл тодорхой болох боломжтой юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна