Япон руу зөгийн бал экспортолно

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик нь гэж зөгийчид тайлбарлалаа. Гадны улсууд Монголын зөгийн балыг авах  хүсэл их байдаг. Гэтэл монголчууд өөрсдөө импортын зөгийн бал түгээмэл хэрэглэдэг. Иймээс төрөөс зөгийчдийг дэмжсэн бодлого явуулж, импортын зөгийн балын татварыг нэмэх бүр цаашлаад хориглох шаардлагатай тухай зөгий үржүүлэгч Т.Шижиртуяа ярив.  Түүний эрхэлдэг “Арга гангат” зөгийн аж ахуй өнгөрсөн жил 10-15 тонн зөгийн бал хураан авчээ. Үүнээсээ 100-300 килограмм балыг Япон улс руу экспортолсон байна. Нэг килограмм зөгийн балын үнэ 20 мянган төгрөг. Жилд 10-15 тонн зөгийн бал  дунджаар 200 сая төгрөг болдог.  Зөгийчин Т.Шижиртуяагийн тухайд дээрх  200 сая төгрөгийн орлогын 30-40 хувь нь цэвэр ашиг нь болдог байна.

Зөгийн аж ахуйг эрхлэхэд хөдөлмөр их шаарддаг ч эргээд олох орлого нь чамлахааргүй байдаг гэдгийг зөгийчид онцоллоо. Монгол Улс зөгийн балынхаа нэг жилийн хэрэгцээний 90 хувь буюу 130-150 тонныг импортоор авдаг. Эргээд дотоодын зөгийчид  өнгөрсөн жил гэхэд 100 тонн зөгийн бал үйлдвэрлэжээ. Уналтад орсон зөгийн аж ахуй хоёр жилийн өмнөөс сэргэж эхэлсэн байна. Гэхдээ зөгийчдийн ур чадварыг сайжруулж, шинэ  техник, технологи   нэвтрүүлэх шаардлага тулгарчээ.  Нөгөө талдаа нэг түм буюу 10 мянгаар тоологдсон зөгийн үүрийн тоог нэмэх ёстой болжээ.

Зөгий үржүүлэгчид балаа зургадугаар сарын 25 наас  наймдугаар сарын 25 ний хооронд хураан авдаг, бусад үед арчилгаа, тордолгооны ажил хийдэг байна. Зөгийн бал нь олон цэцгийн буюу органик бүтээгдэхүүн болохоор мэдрэлийн ядаргаа, ходоод гэдэсний үрэвсэл дардаг ургамлын гаралтай эм юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна