Мэргэжлийн балетын анхны продакшн байгуулагджээ

2016 оны 4 сарын 27

Дөрөвдүгээр сарын  29  буюу Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид анх удаа "NOMADIC BALLET PRODUCTION" байгуулснаа албан ёсоор зарлаж,  анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгохын учир нь театрын сонгодог уран бүтээлээсээ давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой, эрч хүчтэй, авьяаслаг залуус нэгдэн балетын урлаг Монгол Улсад хөгжиж ирсэн түүхэн сонгодог замналд шинэ уур амьсгал, орчин үеийн хэмнэл нэмэхээр нэгдсэнийг та бүхэндээ дуулгаж байгаа хэрэг юм.

"Nomadic Ballet Production" нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой юм. Тэд анхны тоглолтоо "SENTIMENT" буюу "Мэдрэхүй" хэмээн нэрийдсэн нь Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхөө илэрхийлсэн хэрэг юм. "Мэдрэхүй" тоглолт нь неоклассик, сонгодог ба модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд авъяаслаг залуу уран бүтээлчид маань орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсэж байгааг, түүнчлэн монголын балетын бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснийг Олон улсын бүжгийн өдрөөр мэдэрч болох нь ээ.

А.Аялгуу

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна