Хүүхдээр гуйлга гуйлгавал 500 мянган төгрөгөөр торгоно

2016 оны 4 сарын 27

Сэтгүүлч:
Б.Золзаяа

Өлгийтэй хүүхдээ тэврэн гуйлга гуйж суух, эсвэл бага насны хүүхдийг дуу дуулуулан мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буй эцэг эхийг нийслэлийн хүн олонтой аль ч гудамжнаас харж болно. Хотын төв болоод 3,4 дүгээр хороолол орчимт гуйлга гуйх хүүхдүүд сүүлийн үед олширч байгаа. Тэгвэл есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 500 мянган төгрөгөөр эцэг эх, асран хамгаалагч, гуйлга гуйлгасан хүнийг торгохоор хуульчилжээ.

Уг нь хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгох, ашиг хонжоондоо ашиглахыг хориглосон заалт Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд байдаг. Гэвч хуулийн сурталчилгаа мэдээлэл, цаашлаад хэрэгжилт хангалтгүй байдгаас халтар хэдэн төгрөгийн төлөө нялх үрээ ашиглах, сэтгэл эмзэглэм дүр зураг оршсоор л байгаа гэдгийг албаныхан хэллээ. Гэхдээ энэ жилээс хүүхдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчныг ийнхүү сайжруулж, ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болсон таатай мэдээ байна.

Энэ жил Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулжээ. Ингэснээр хүүхдийн эрхийг зөрчдөг томоохон асуудлуудыг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавдугаарт “Хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох;” гэж заажээ. Ялангуяа хүүхдээр гуйлга гуйлгасан тохиолдолд торгох, асран хамгаалагчид нь хариуцлага тооцох, эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн есдүгээр сараас хүүхдийн байцаагч гэх албан тушаалыг шинээр гаргаж, ажиллуулж эхлэх юм байна.

Мөн зөвхөн хүүхдийн эрхийн хуулиас гадна ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуульд энэ тухай тусгасан нь томоохон зохицуулалт болсон гэдгийг албаныхан хонцоллоо.  

Зөрчлийн тухай хуульд хариуцлагын хэмжээг нэгжээр тооцдог. Тэгвэл нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог гэж бодохоор 250 нэгж нь 500 мянган төгрөг болох юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийг ашиг хонжооны хэрэгсэл болгосон, гуйлга гуйлгаж эрхийг нь зөрчсөн иргэнийг нэг удаад 500 мянган төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн дээрх хууль тогтоомжууд ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна.  

Мөн хүнд өвчтэй, асран хамгаалах хүнгүй, тэжээх эх үүсвэргүй зэрэг шалтгаанаар хүүхдээ төрүүлээд хаях тохиолдол гардаг. Тэгвэл энэ тохиолдолд хүүхдийн эрхийн байгууллага болон зохих газарт хандаж, хүүхдээ улсын халамж, асрамжид өгөх боломжтой гэдгийг албаныхан санууллаа. Тухайлбал, Хүүхдийн төлөө үндэсний төвийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс 21 аймаг, есөн дүүрэгт ажилладаг юм байна. Энэ хэлтэст нийгмийн ажилтан, цагдаа, багш гээд хамтарсан баг ажилладаг гэлээ. Нэн тэргүүнд энэ хэлтэст хандаж хүүхдээ улсын халамж, асрамжинд өгөх хэрэгтэй гэдгийг санууллаа.

Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна