“Их шастирын мэргэн түшмэл” киноны нээлт боллоо

2016 оны 4 сарын 27

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын  мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийн ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 27-ны ШУА дээр боллоо. Баримтат киног Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээсэн юм. Баримтат киноны нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл , ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, Монгол улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбооны төлөөлөгчид болон Л.Дэндэв агсны гэр бүлийнхэн  хүрэлцэн ирсэн байв.

Тус киног нээж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ;

“XX зууны Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шинэ, сонирхолтой бүтээлүүдийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.

ХХ зууны Монголын түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн Л.Дэндэвийн олон тал үйл хэргээс би өнөөдөр Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг нь онцлон тэмдэглэж байна. Тэрбээр 1932-1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн орлогч дарга, даргаар ажиллаж, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүрээлэнг бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, шинжилгээ судалгааны ажлын зорилт, чиглэлийг төрийн бодлогын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн байв.

Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж, үндэсний шашин, соёл, сэхээтнээ устгаж, монголчууд түүхийн хамгийн хүнд бэрх цаг үеийг туулж өнгөрүүлсэн тэр жилүүдэд Л.Дэндэв ШУХ-г удирдаж байв. Энэ үед шинжлэх ухааны байгууллагыг тэргүүлж, үндэсний өв соёлоо хамгаалах, хадгалах, судлахын төлөө ажиллана гэдэг бол үнэндээ амь дүйсэн хэрэг байлаа. Харин Л.Дэндэв бүхий л авьяас чадвар, арга ухаанаа дайчлан эрдэм шинжилгээний салбаруудыг өргөтгөх, шинэ залуу боловсон хүчнээр хангах, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, үндэснийхээ түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах бодлогыг зоригтой дэвшүүлэн ажиллаж байжээ. Түүний удирдлага, санаачилгаар 1935 онд Түүхийн кабинетийг “Түүхийн тасаг” болгон өргөтгөж, 1938 онд Шашин судлалын тасаг шинээр байгуулж, Газар зүйн кабинетийн нэг салбарыг Геологийн кабинет болгох зэргээр бие даасан судалгааны кабинетуудыг байгуулжээ. Мөн 1936 онд “Шинжлэх ухааны оюутны сургууль”-ийг байгуулж, хөдөө орон нутагт ШУХ-гийн сурвалжлагч гишүүдийг ажиллуулах замаар үндэсний боловсон хүчин бэлтгэх суурь тавигдсан бол 1934 оноос “Шинэ толь” сэтгүүл гарч эрдэм шинжилгээний бие даасан анхны хэвлэл буй болжээ.

Чухамхүү Л.Дэндэвийн үед ШУХ-гийн эрдэм шинжилгээний ажил өргөжин тэлж, түүх, хэл, утга зохиол, газар зүйн ухааны шинэ бүтээлүүд гарч, археологи, уул уурхай, байгалийн баялаг эрж хайх, ашигт малтмалын найрлага, бэлчээр, ургамлын тархац, бүтцийг судлах, цаг уурын туршилтын станц байгуулах, хөрсний шинжилгээ хийх зэрэг шинэ салбар чиглэлийн судалгааг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар явуулж, үндэсний шинжилгээний ангиудыг ажиллуулдаг болсныг бид бахархан дурсаж явах учиртай. Түүний гардан удирдаж байсан ШУХ одоо олон улсад нэр хүндтэй ШУА болон хөгжиж, улс орныхоо төдийгүй дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Өнөөдөр уншигч, үзэгчдийнхээ өмнө дэлгэн тавьж байгаа бүтээлүүдэд Л.Дэндэвийн төр, түмнийхээ өмнө байгуулсан алдар гавьяаны тухай олон талаас нь, нэн тодорхой өгүүлсэн билээ. Эдгээр бүтээл нь төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Л.Дэндэвийн үйл хэргийг мөнхжүүлэхэд төдийгүй Монгол Улсын ШУА-ийн түүхийн судалгаа, сурталчилгаанд ч зохих түлхэц өгөх нь дамжиггүй. Манай эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид ийнхүү шинжлэх ухааны тодорхой салбар чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан бүтээл туурвиж байгаа нь нэн сайшаалтай. Энэ нь шинжлэх ухааны бодлого, зорилт, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Та бүхэнд ШУА-ийн Тэргүүлэгчдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын их амжилт хүсэн ерөөж байна.” хэмээсэн юм.

Үүний дараа киног бүтээсэн Монгол улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн;

“Тус киног бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсын ШУА-д маш их талархаж байгаагаа илэрхийлж байна. Киног нэг жил орчим хугацанд хийж бүтээлээ. Маш их хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсан. Тус кино бол цэвэр баримтат кино юм. Кино багийнхан Л.Дэндэв гуайн төрсөн нутгаар нь очиж материал бэлтгэсэн байгаа. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас төр, нийгэм, урлагийн томоохон зүтгэлтнүүд ихээхэн төрж гардаг. Тэдгээрийн нэг бол Л.Дэндэв агсан юм. Энэ сайхан нутгийнхны дэмжлэгтэйгээр тус кино бүтсэнд их баяртай байна.” хэмээв.

Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Богд хааны ордон музейтэй хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монголын товч түүхийн дээжис, “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойтой хамтатган тэмдэглэсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна