Хэцүү сонгууль

2016 оны 4 сарын 28

Сэтгүүлч:
Ж.Нямсүрэн

Парламентын найм дахь удаагийн сонгуульд Арчилсан нам болон МАН дангаараа, харин жижиг намууд эвсэх, нэгдэх замаар оролцохоор болж байна. Сонгуульд нийтдээ 14 нам, хоёр эвсэл, 80 гаруй бие даагч оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар өгчээ.  

Хуульд зааснаар ирэх тавдугаар сарын 2-9 өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулах юм. Гэхдээ сонгуулийг холимог системээр үү, эсвэл томгосон 26 тойргоор, бүр жижиг 76 хувилбараар явуулах уу гэдгийг УИХ эцэслэн шийдээгүй байна. Энэ асуудлаар өчигдрийн чуулганы хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан бөгөөд тав хоногийн завсарлага өгөх боломжгүй гэдгээ УИХ-ын дарга дуулгасан. Ардчилсан нам болон Ардын намын хооронд яригдаж байгаа, хамгийн магадлал өндөр хувилбар нь жижиг мажоритар систем. Жагсаалтыг горилж байсан улстөрчдөөс, мөн “Шударга ёс” эвслийн долоон гишүүнээс бусад нь сонгуулийг жижиг мажоритар хувилбараар явуулахыг дэмжих нь  тодорхой байгаа билээ.

Энэ удаагийн сонгууль олон талын онцлогтой.

  1. Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

  2. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нь нээгдэж байгаа юм.

  3. Сонгуульд нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон  3.4 тэрбум төгрөг байхаар СЕХ-ноос тогтоосон.

  4. Хуульд заасан үндэслэлээр зөрчил гаргасан бол бүртгэхгүй. Жишээ нь бэлэн мөнгө тараасан, дайллага, цайллага, гадаад дотоодод явуулсан гэдэг нь тогтоогдвол СЕХ эргүүлэн татна.

Өөрөөр хэлбэл,  нийтдээ 2000 орчим хүн УИХ-д өрсөлдөхөөр байгаа бөгөөд тэдэнд хуулийн дагуу сурталчилгаа хийх хугацаа нь ердөө хоёр долоохон хоног байгаа гэсэн үг. Үүнээс өмнө сурталчилгаагаа эхлүүлсэн тохиолдолд хуулийн дагуу эргүүлэн татагдах юм уу эсвэл торгууль хүлээнэ.

Хонь, хурга нийлсэн аятай тэр олон хүний хэнийг нь хэн гэж 18 хоногт таних юм бэ.  Зарим нэг хөгшид бол УИХ болон аймаг, сумынхаа ИХТ-ийг хооронд нь хольж хутгаж, ялгаж салгаж чадахгүй ч байж мэднэ. Хөгшид гэлтгүй олон бие даагчидтай, олон нэр дэвшигчтэй тойргийн сонгогчдын "толгой эргүүтэх"-ийг хэн мэдлээ. 

Жижигчилсэн 76 тойргоор  улсыг хувааж, сонгуулийг 18 хоногт явуулна гэвэл шинээр нэр дэвшигчдэд танигдах боломж муу. Мөн популистууд болон масктай эх орончид мажоритроор гарч ирэх “шаанс” нэмэгдэнэ. Массын хувьд танихгүй “бурхан” сонгож байснаас таньдаг “чөтгөрөө” гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Мөнгөөр тойргоо "зодсон" жинхэнэ олигархиуд гарч ирнэ гээд мөрийцсөн ч болно. З.Энхболд даргын таван жилийн өмнө хэлж байсанчлан дараагийн парламент дандаа тэрбумтнуудын цуглуулагаас бүрдэх боломжийг УИХ нээж өгөх гэж байна. Улсаас зарцуулах мөнгө нь бага ч болсон ч, жижиг мажоритараар явагдбал  хувь хүмүүсийн хувьд мөнгөөр бороо оруулсан сонгууль болдог гашуун түүхтэй. Хүмүүс намын бодлого гэхээсээ хувь хүнийг нь харж сонголтоо хийдэг.

Нөгөө талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс өмнө “жагсаалт” дээр “алалдаж” байсан фракциуд одоо тойрог дээр тохиролцох гэж зовно. Ардын намын УИХ дахь бүлгээс “жагсаалт”-ын 28 мандатын 20-ыг хөдөөд, 8-ыг хотод өгөх хувилбар дэвшүүлсэн. Гэхдээ Ардчилсан нам үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Тус намаас хотын тойргийг нэмэх асуудлыг өмнө нь хөндөж байсан бөгөөд хоёр намын удирдлагын түвшинд 14 мандатыг хотод, 14 мандатыг хөдөөд хуваахаар ярилцсан талаар МАН-ын генсек Ж.Мөнхбат ам алдсан бий.

Сонгуулийн мажоритар системээр явуулахын тулд Ардын нам Ардчилсан намд буулт хийж, жагсаалтын 28-ыг адил тэгш хуваах эл тохиролцоо бараг л энэ чигтээ явах болов уу. Ийм тохиролцоон дор өнгөрсөн сонгуулиар барьж байсан бодлогоосоо АН ухрах биз.

Сонгуулийн зардал өмнөхөөсөө гурав дахин багассан. Өмнөх сонгуулиар намуудын зарцуулах зардлын дээд хэмжээг хэдийгээр СЕХ-ноос 9.7 тэрбумаар тогтоож байсан  ч 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбумыг сонгуульд “хаясан” байдаг.

Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд  намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 35 тэрбум 679 сая төгрөг болтлоо энэ тоо өсчээ. Тэгвэл жижигчилсэн 76 тойргоор, гурав дахин бага хөрөнгө зарцуулах хуулийн дагуу 18 хоног “шуураад” өнгөрөх энэ удаагийн сонгууль тун хэцүү болох дүр зураг ажиглагдаж байгаа юм. Дээр нь Улаанбаатар, аймаг сумын ИТХ-ын сонгуулийн хамт явуулахаар хуульчилсан. Сонгуулийн хуудас нэг метр гаруй болно гээд төсөөл дөө. Хонь, хурга нийлсэн аятай тэр олон хүний хэнийг нь хэн гэж 18 хоногт таних юм бэ.  Зарим нэг хөгшид бол УИХ болон аймаг, сумынхаа ИХТ-ийг хооронд нь хольж хутгаж, ялгаж салгаж чадахгүй ч байж мэднэ. Хөгшид гэлтгүй олон бие даагчидтай, олон нэр дэвшигчтэй тойргийн сонгогчдын "толгой эргүүтэх"-ийг хэн мэдлээ. Нэг тойрогт бараг 50 хүн нэр дэвших тухай яриа ч бий. 

Хэзээ будилаан, булхайгүй сонгууль болж байлаа даа. Энэ мөнгө тараасан, дайллага, цайллага зохион байгуулсан гэж өрсөлдөгчөө "ховлоно". Бөөн хэрүүл зарга болно. Гоё, гоё "хэрэг" их ч гарах болно.

Ядаж байхад сонгууль болохоос хоёрхон сарын өмнө УИХ ямар системээр сонгуулийг явуулахаа ч шийдээгүй байна. Тэгэхээр зуун задгай байгаа энэ удаагийн сонгууль жаран “хагархай” болоод дуусах дүр зураг ажиглагдаж байна. Нэг алхам урагш, хоёр алхам хойш гэж үүнийг л хэлдэг байх даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна