Оюутнуудад боломж нээгдсээр

2016 оны 4 сарын 28

Монголын төр засгаас оюутан залуусаа сурах боломжийг хангахад багагүй анхаардаг. Тухайлбал, голч дүнгээс нь хамаарч төрөөс оюутнуудад 70200 төгрөгийн урамшуулал сар болгон өгдөг бол автобус унааны хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл  Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнийг Монголын оюутны холбооноос дэмжиж байна. Ингэснээр оюутнуудын сурах эрмэлзэл нэмэгдэнэ гэж салбарын яам үзэж байгаа аж.

Эдийн засаг хямарснаас болж оюутнууд төлбөрөө төлж чадахгүй сургуулиа завсардах нь нэмэгдсэн гэнэ. Тиймээс  хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хоёр үе шаттай хэрэгжихээр болжээ.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулах аж.

Зээлдэгчид дараах шаардлага тавигдана

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2,5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3,5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана.

Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна