Оросын гадаад имиж: Сергей Лавров

2016 оны 4 сарын 28

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 14-нд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Гэвч албан ёсны айлчлалын ач холбогдлоос илүү орос дипломатч жинстэй морилсон нь хэл ам дагуулсан юм. Дипломат ёсны нарийн ширийнийг гадарладаг зарим нь  ОХУ-ын Гадаад харилцааны сайд албан ёсны айлчлал хийхээр жинстэй ирснийг доромжлол гэж үзсэн бол нөгөө зарим нь Сергей Лавров ингэж тоомжиргүй хандсанд хэлсэн, ярьснаасаа байнга буцдаг Монголчууд өөрсдөө буруутай гэцгээж байв. Энэ айлчлал нь Сергей Лавровын хувьд хоёр дах удаагийн айлчлал байсан юм. 2006 онд Монголд анх удаа айлчлахдаа Сергей Лавров харин жинс өмсөөгүй билээ. Уншигчиддаа бид энэ удаа олон улсын хамгийн туршлагатай дипломатчийн нэг Сергей Лавровын талаар танилцуулж байна.

ОХУ-ын гадаад харилцааны салбарт Сергей Лавров шиг өөртөө хэт итгэлтэй, ширүүн имижтэй дипломатч байгаагүй гэдэг.

2004 онд ОХУ-ын Ерөнийлөгч В.Путин Засгийн газраа байгуулахдаа хамгийн түрүүнд Сергей Лавровыг томилсон билээ. Тэр үед Сергей Лавров НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаад арав шахам жил болж байжээ. Кремлийн гол хэлэлцэгч Сергей Лавровыг барууныхан бусдад хүчтэй сэтгэлдэл төрүүлж чаддаг хүн гэдэг.

Оросын өмнөх дипломатчдыг бодвол тохой өндөр, ширүүн төрхтэй, өөртөө итгэлтэй Сергей Лавров өрөөнд орж ирэхдээ л уур амьсгал бүрдүүлж амждаг байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ажиллаж байхдаа Сергей Лавров хурц ухаан, нэвтэрхий мэдлэгээрээ гайхагдаж, хэлэлцэж буй асуудлын чиглэлийг ч өөрчилж чаддаг байв. 1950 онд Москвад төрсөн Сергей Лавров элитийн гэгддэг Москвагийн олон улсын харилцааны институтыг 1972 онд дүүргэсэн байна. Зөвлөлтийн дипломат албан дах карьераа Сергей Лавров Шри Ланкаас эхэлсэн юм.

1981-1988 оны хооронд НҮБ-д суугаа Зөвлөлтийн анхны Элчин сайдаар томилогдсон Сергей Лавров 1991 онд Зөвлөлт систем задран унахад Гадаад харилцааны яамандаа үлдсэн байна.

Түүнээс хойш гурван жилийн дараа тэрбээр НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдаар томилогдсон юм. Нэг эхнэр, ганц охинтой Сергей Лавровын хобби нь гитар тоглож, дууны үг, яруу найраг зохиох гэнэ.

Түүний нэгэн шүлэгт нь “Бүсгүй минь уйл, харин энгэсэгээ бүү урсгаарай” гэсэн мөрт байдаг. Сергей Лавров спортод дуртай боловч түүний тамхи татдаг зуршлын хажууд энэ нь ердөө шохоорхол ажээ. 2003 онд НҮБ тамхинд хориг тавьсан нь Сергей Лавровыг байж суухын аргагүй бухимдуулсан гэдэг. Дипломатчийн эрхийг нь зөрчсөн гэж  Сергей Лавров тухайн үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Кофи Аннанд эгдүүцлээ илэрхийлж, НҮБ түүний хувийн байшин биш гэж бухимдаж байжээ.

Сергей Лавров англи,франц, синхал хэлтэй. Виски, дарсанд дуртай. Согтууруулах ундааг хориглодог Ойрхи Дорнодын орнууд дах айлчлал Лавровыг галзууруулах шахдаг. Сергей Лавровыг өнөө цагийн хамгийн догшин ширүүн, бас хорон үгтэй, хурц ухаантай дипломатч гэдэг. Тэр бас муухай аашилж ч чадах нэгэн.  Женевт болсон дээд хэмжээний нэгэн уулзалтын үеэр гэрэл зурагчин Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Алжирын дипломатч Лахдар Брахими нарыг хамт зогсохыг хүсэхэд Лавров “Бидэнд тушаах хэрэггүй. Зүгээр л зургаа ав” гэж загнасан гэдэг.

Сергей Лавровын өөртөө итгэлтэй чанар ОХУ-ын гадаад бодлогыг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй. Сергей Лавровын бишрэгчид болон үзэн ядагчдын тоо тэнцүү гэвэл хилсдэхгүй. НҮБ-д ОХУ-ыг төлөөлж байх үеийн  Сергей Лавровын үүрэг маш тодорхой буюу АНУ-ыг эсэргүүцэж, ихэнхдээ хориг тавьдаг байв. Сүүлийн үед Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны хувьд хориг  тавих болсноос  барууныхан түүнийг “Ноён хориг” гэж хочлох болсон юм. Хүйтэн дайны үед НҮБ дэх ЗХУ-ын элчин сайд Андрей Громиког мөн ингэж хочилдог байжээ.

АНУ-ын эсрэг дипломат аргаар довтлох нь түүний хобби, харин ОХУ-ыг сурталчлах нь зорилго нь ажээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Кондолиза Райс, Хилари Клинтон нараас Жон Керрритэй зөвшилцөх нь Сергей Лавровт амар байдаг гэнэ.

Сергей Лавров В.Путины ойрын хүрээнийхэнд багтдаггүй боловч  Украины талаар явуулж буй бодлогоос хойш тэдний ойлголцол улам нэмэгдсэн гэдэг.

ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь Сергей Лавровын дипломатчийн карьерыг шиэн шатанд гаргасан билээ. Харин Ливийн асуудалд олон улсын хамтын нийгэмлэг хөндлөнгөөс оролцох үед хориг тавьж чадаагүй нь түүний карьерын хамгийн бараан өдрүүд байсан юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна