Чуулганы хуралдаан эхэллээ

2016 оны 4 сарын 28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1.30 цагаар хоцорч эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Үүнд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт багтаагүйд Ц.Нямдорж гишүүн үг хэллээ. Тэрээр “Шударга ёс эвслийн бүлгийн завсарлага дуусдаггүй юм уу. МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдалгүй 3 сар болж байна. Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж завсарлага аваагүй юм бол Цэцийн дүгнэлтийг хэлэлцье. Сонгуулийн хугацаа дөхчихөөд байхад төрийг ингэж самууруулж болохгүй. Хэлэлцэх асуудалдаа Цэцийн дүгнэлтээ оруулъё. Завсарлага авах эрхийг ганц нэг хүн шийддэг юм биш. Н.Батцэрэг нэг завсарлага авна, З.Баянсэлэнгэ нэг завсарлага авна. Цаад талдаа хуралддаггүй. Энэ бүлгийг УИХ-ын гишүүн биш хүн удирдаад байна. Эрүүл мэнд, спортын сайд нь байдаггүй. Сайдгүй бүтэн жил боллоо, хэтрүүлж хэлсэн хүнд. Төрийг самарч бах таваа хангадаг хүмүүс болимоор байна. Цэцийн дүгнэлтээ хэлэлцэх асуудалд оруулаад өгөөч УИХ-ын дарга аа. Аягүй бол сонгуулийг хойшлуулах юм руу оруулж болзошгүй нь.

УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлага нь хууль ёсны юу гэдгийг шалгаж байгаагүй. Ирцийг нь шалгах юм руу явах гээд байна шүү. З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг нарын нэг нь завсарлага авснаа яаралтай мэдэгдье”.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “УИХ-ын дарга аа та өчигдөр нэг өдрийн завсарлага өгье гэсэн. Дуртай нь завсарлага авдаг болчихвол, завсарлага авсан нь ирэхгүй бол яах юм. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Сонгуулийн хуулийг өөрчлөх болно гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүл мэнд, спортын сайдыг тавихгүй байгаа нь Ерөнхий сайдтай холбоотой. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдын асуудлыг шийднэ гэсэн байдаггүй. С.Ламбаагаа өмнө нь сайд байсан хоёр ажлыг зэрэг чадна гэж бодоод байгаа юм уу. Чадахгүй шүү дээ”.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Өнөөдрийг хүртэл Шударга ёс эвслийн бүлгээс хэн нэг гишүүн дур зоргоор авирлаж завсарлага авсан шалтгаан байхгүй. Асуудал тавьчихаад алга болсон юм алга. Бөгс өндийх хооронд битгий шоу популизм хийж бай. Шударга ёс эвслийн бүлэг хуралдаагүй байна, ажлын хэсэг ажиллаж байна. Бүлгийн дотоод асуудал руу хэн нэгэн хөндлөнгөөс орж ирж, хурдлуулах, хутган үймүүлэх юм хийж болохгүй. Хүссэн зоргоор нь Шударга ёс эвсэл задарчхаагүй байна. Өнөөдрийг хүртэл найман гишүүн байна, ямар ч байсан тав хоногийн завсарлага авсан. Тав хоногийн дотроо шийднэ”.

УИХ-ын дарга З.Энхболд “Эрүүл мэндийн асуудал, Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэж шийдэх шаардлага байна. Холбогдох газрууд нь анхаар. Цэцийн дүгнэлтийг маргааш хэлэлцэх боломжоор хангахыг хүсье” гэв.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна