Намууд сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ

2016 оны 4 сарын 28

Улс төрийн нам, эвслүүд  Улсын Их Хурлын болон  аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны сонгуульд  оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ сонгуулийн  хороодод  ирүүлж байна.

Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл ийнхүү хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа.

Хуульд зааснаар, сонгуульд оролцох хүсэлтдээ, сонгуульд оролцох тухай намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, сонгуулийн зардлын дансны талаарх мэдээлэл, сүүлийн нэг жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан, намын сонгуулийн төв штабын нэр, түүний бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл, төлөөллийн төв байгууллагаар батлагдсан, энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх талаарх журам, намыг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах гурван хүний эцэг/ эх/-ийн нэр, өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаягийг хавсаргасан байна.

Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна