Улстөрчдийг дагасан үнэн ба худал

2016 оны 4 сарын 28

Эрх баригч АН 2016 оны УИХ-ын сонгуулийг дотооддоо зөрчилтэй, томоохон албан тушаал хашиж байсан нөхдүүд нь авлигын гэмт хэрэгт яллуулсан, шалгуулсан дуулиантай угтаж байна. АН-ын өнөөдрийн байдлыг 1996-2000 онд төр барьж байх үеийн нөхцөл байдалтай зүйрлэдэг. Энэ дөрвөн жилд тус намын гурван гишүүн Казиногийн гэх хэргээр яллуулж байсан бол одоо АН-ын лидерүүд төсөл хөтөлбөрөөс мөнгө завшсан гэмт хэрэгт олноороо нэр холбогдоод байгаа юм. Ингээд сүүлийн үед өрнөсөн дуулиант хэргүүдийн явц ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Р.Эрдэнэбүрэн тойргоо алдлаа

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн гуравдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэн хоригдоод өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарчээ. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль бус шийдвэр гаргасан гэж үзсэн учраас баривчилсан юм.

Р.Эрдэнэбүрэн нь Алтангадас фракцид харьяалагддаг ба дөрвөн жилийн дотор хоёр ч яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан нь тус фракцийн “буян” гэж үздэг.
Түүнийг баривчлагдахад “Р.Эрдэнэбүрэн ирэх сонгуулиар төрсөн нутаг Дундговьд нэр дэвших бодолтой байсан. Гэхдээ түүнд З.Энхболд нэг л итгэж өгөхгүй. Жагсаалтаар ч оруулах магадлал муутай. Орууллаа гэхэд хойгуур тавина. Учир нь түүнд жагсаалтад багтахыг хүсэгчдийн гаргаад өгдөг их хэмжээний мөнгө байхгүй” гэж байсан бол зарим эх сурвалж “УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн шидсэн чулуу байх магадлалтай. Б.Наранхүү Дундговийн тойргийг сонирхож байгаа Р.Эрдэнэбүрэнд саад хийчихлээ” гэж байсан юм. Түүнд холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаатай зэрэгцэн УИХ-ын сонгуулийн тойрог хуваах ажил улс төрийн намууд дээр үргэлжилж байна.

Энэ өдрүүдэд Дундговьд Ардчилсан намаас Б.Наранхүү нэр дэвшинэ гэсэн яриа дэгдэж эхэллээ. Р.Эрдэнэбүрэн авлигын хэрэгтэйгээ зууралдаад сонгуулийг өнгөрөөх нь тодорхой болж байх шиг байна. Хэргийг шүүх эцэслэн шийдтэл зай ч бий, лай ч бий. Хэрвээ Р.Эрдэнэбүрэн энэ хэргээс нэр цэвэр мултарвал УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн шидсэн байж болзошгүй “чулуу” ил гарах юм. Тэр болтол тэвчээртэй хүлээх хэрэгтэй болох нь ээ.

Х.Баттулга, А.Гансүх нарт нэр дэвших ёс зүйн эрх бий юу

Төмөр замын болон Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төслөөс олон тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын дарга А.Гансүх нарын эргэн тойрны хүмүүс шалгагдаж байгаа. Хэрэг шалгах үйл ажиллагаа эхэлмэгц энэ хэрэгт чухал гэрчийн мэдүүлэг өгөх ёстой Ц.Ганбат нарын хоёр хүн гадаад руу дүрвэсэн. Хуулийнхан Х.Баттулгын туслахуудыг эр эм гэхгүй шалгаж, хоёр ч бүсгүйг Ганцхудагт саатуулсан. Хажуу хавирганы бүх хүнийг шалгах болсонд УИХ-ын гишүүн Х.Баттулга тун ууртай байгаа. “АН-ын гишүүнээс татгалз” гэдэг шахалтад байгаа Х.Баттулга ЦЕГ-ын даргыг суудлаас нь хөдөлгөхөөр Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг “ятгаад” буй ч Ерөнхий сайд үүнийг эрс няцаасан. УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлсэн Эв нэгдэл тусгаар тогтнолын нам эрхэм гишүүний халаасанд байдаг тухай яриа сонсогдож байгаа. Ардчилсан намаас гарлаа гэхэд ардаа бас нэг “намтай” гэсэн үг. Сонгуулийг жижиг 76 тойргоор зохион байгуулах нь бараг л тодорхой болж буй энэ үед тиймэрхүү шинэ тулгар жижиг намуудын хувьд шаанс бараг байхгүй ч чухам нам, намын Ленин багшид нь л бол бололцоо гарч юуны магад. Гэвч Х.Баттулга болон А.Гансүх нарт УИХ-д нэр дэвших эрх, ядаж л ёс зүйн эрх байх уу?

Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилохгүй

Баттай эх сурвалжуудын үзэж байгаар ЦЕГ-ын даргыг солихгүй. Улстөрчдийн холбогдсон санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн араас мөшгиж буй цагдаагийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг сэжигтнүүдийн захиалгаар захиргааны шийдвэрээр таслан зогсоодог, мохоодог жишгийг зөвшөөрч болохгүй гэх байр суурь хүчтэй явж байна.

Одоогийн ЦЕГ-ын дарга Р.Чингисийн өмнө уг албан тушаалд Б.Билэгт ажиллаж байв. Б.Билэгтийн удирдлага дор ажиллаж цагдаагийнхан Хууль зүйн сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан дуулиан газар авч, үүний хариуцлагыг Ерөнхий газрын даргын хувиар тэр үүрсэн. Ерөнхийлөгчийн зүгээс “Хууль зүйн сайд огцрохдоо хүрч байгаа бол үүнээс өмнө Б.Билэгт ажлаа өгөх ёстой” гэсэн хатуу байр суурийг ч илэрхийлж байв. Харин Б.Билэгт үүрэгт ажлаа өгснийхөө дараа хууль бусаар ажлаас халагдсан гэдэг гомдол гаргаж, шүүх гомдлыг барагдуулахдаа түүний талд шийдвэр гаргасан. Ажилд нь эргүүлэн томилох ёстой гэдэг шүүхийн шийдвэрээр түрий барих шалтгаан Б.Билэгтэд байж болох ч түүнийг ЦЕГ-ын даргаар томилох гэж байна гэдэг нь түүний зүгээс нисгэсэн “бор шувуу” бололтой.

Н.Алтанхуяг ба “өөдөө хаясан чулуу”

АН дотор хамгийн их “тийчилж” байгаа хүмүүсийн нэг нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Ахлах зөвлөх нь шоронд, хүргэн хүү нь сэжигтнээр шалгагдаж байгаа. “Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хэрээс хэтэрсэн” гэдэг утгатай мэдэгдлийг отгон чуулганы нээлтийг угтуулан хийсэн түүнээс энэ талаар нь тодруулахаар Мөрдөн байцаах газраас дууджээ.

Монголд төрийн хямрал үнэхээр нүүрлэчихээд байгаа. Гэхдээ энэ хямрал чухам юунаас эхтэй болохыг Н.Алтанхуяг сайд мартсан бололтой юм. 2012 оны сүүлийн хагас жилээс эхлэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 20 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг юм. Дийлэнх нь хууль бусаар халагдаж, олон мянган хүмүүс шүүхээр зарга үүсгэж, хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авцгаасан. Цагдаа, цэрэг, тагнуулын байгууллага Н.Алтанхуягийн Засгийн үед хувийн компанийн хэлбэр рүү шилжихээ шахаж, өөрийнх нь ганц найз ТЕГ-ын толгойд ирж сууж байв. “Б.Ариунсанг хууль зөрчиж ТЕГ-ын дарга болгочихлоо шүү дээ Та” гэх үгэнд Н.Алтанхуяг дарга “Би өөрийн ганц хүнээ энд авчраад тавьчихаж болохгүй юу, Та нар яасан их хууль дагаж мөрддөг юм” гээд сууж байсныг олон хүн санаж байгаа байх.

Засгийн газрыг тэргүүлж байхдаа олон хүнийг хохироож, хэлмэгдүүлж байснаа мартаад өнөөдөр зөвхөн өөрийнхөө тойрон хүрээлэгчдийн төлөө дуугарч байгаа нь тэнцвэртэй биш харагдаад байгаа юм. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэсэн нэг үг бий. Хэдийгээр энэ үг хатуу дуулдах боловч Н.Алтанхуяг сайдын эхлүүлсэн төрийн хямрал өөрийг нь болон тойрон хүрээлэгчдээс нь хэсэгтээ салахгүй болтол ороочихжээ. Монголчууд мартамхай хүмүүс. Дээр нь ялж биш ялагдаж байгаа нэгнээ өмгөөлдөг зөөлөн сэтгэлтэй болохоор өнөөдөр хөөрхий экс Ерөнхий сайдаа өмгөөлөн өмөлзөх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна