“Төрийн мэдээлэл-ийн 35 дахь дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл-ийн 35 дахь дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 35 дахь дугаарт Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Хүний хөгжлийг хангах макро эдийн засгийн бодлогын хүрээнд хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг хадгалж, инфляцын түвшинг өсгөхгүй байх бодлогыг баримтлах, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу байгуулагдах стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг эзэмших хуулийн этгээдийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх гэх мэт олон ажлыг хийхээр Үндсэн чиглэлд тусгажээ.

Мөн бодит салбарыг хөгжүүлж, хүний амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд ирэх онд зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг барьж эхлэх, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж эхлэх, Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Хүнд ээлтэй байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийг хангах нийгмийн бодлого, Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ирэх онд ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс уншиж танилцах боломжтой.

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэллээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойг ирэх сарын эхний хагаст тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “Төрийн мэдээлэл”-ээс танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж