Өв соёлоо дэлгэн, ховор бүхнээ гайхуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Өв соёлоо дэлгэн, ховор бүхнээ гайхуулав

Улаанбаатар хотноо энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн “Дуу хуурын өлгий Дундговь” нэртэй соёлын өдрүүд үргэлжилж байна. Дуу хууртай нутгийнхны соёл урлагийн өдрүүдийн хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дуу хуурын өлгий нутгийн өв соёл” үзэсгэлэн нээгджээ.  Тус үзэсгэлэнд Дундговь аймгийн музейн сан хөмрөгийн бүтээлүүд болон нутгийн ардын гар дээр байсан эртний ховор эдлэлүүд дэлгэгдсэн байна.

Зургаан дэд хэсгээс бүрдсэн тус үзэсгэлэнгийн зорилго аймаг орон нутгийнхаа онцлог, хүн ардынхаа угсаа гарал, зан заншил, өв соёлыг дэлгэн үзүүлэхэд чиглэжээ. Дундговь аймгийг уртын дуу морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Энэ үзэсгэлэнд эртний урчуудын урласан ур хийц чамин 50 гаруй хуур тавигджээ. Тус аймгийн 15 сумын иргэдийн гар дээр хадгалагдаж байсан эдгээр хуурнууд нь боржигон хийцээр бүтээгдсэн, боржигон аяар дуугардаг гээд сонирхол татахуйц байлаа. Мөн үзэсгэлэнг сонирхохоор очсон хэн бүхний харааг булааж байсан Зава Дамдины гэр музейг дурдахгүй байхын аргагүй. Монголын шашин соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, бурхан шашны гүн ухаантан, их түүхч, судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, гавж Зава Дамдины олон арван зохиол бүтээл, эдэлж хэрэглэж байсан хувцас, эд хогшил гээд баялаг үзмэрүүд тавигдсаныг нийслэлийнхэнд анх удаа дэлгэн харуулжээ.

“Адуутай, айрагтай, аялгуутай нутаг” гэгддэг ард түмний үзэсгэлэнгийн бас нэг гол үзмэр нь  адууны тоног хэрэгсэл, гоё дэгжин, ганган чамин хийцтэй эмээл хазаар, цах, хөхүүр, цацлын халбага, хусуур, саалийн агар болон сэндэн хувин, үндсэн болон мөнгөн хулнууд. Тэдгээр нь ур хийц, хэмжээ дамжаа, үнэт чанар, ганган чамин урлал чимэглэлээрээ  харилцан адилгүй, өвөрмөц ялгаатай.

Он хугацааг элээн түүх өгүүлэх ховор нандин, эртний үзмэрүүдийн хамт  Дундговь аймгаас төрөн гарсан алдарт зураачид болох С.Доржпалам, М.Цэмбэлдорж, Ц.Байдий, Ё.Жигмэддулам, Х.Цэрэндорж, П.Цэгмид, Ш.Төмөрбаатар нарын бүтээлүүдээс  говь нутгийн байгаль, хүн ардын аж амьдралыг тольдон хараарай.

Дундговь аймгийн музей нь  бусад аймгуудыг музейгээс хүрлийн үеийн олдворуудаар баялаг ажээ. Тус музейд дэлгэгдсэн 4500 гаруй үзмэрээс 800 нь хүрлийн үеийнх юм байна. Энэ үзмэрээс тухайн үед хүмүүс яаж аж төрж байсныг, бидний өвөг дээдсийн сэтгэлгээ, хүрэл цутгуурын ур чадвар олон мянган жилийн өмнө ямар төвшинд байсныг харж болохоор байлаа. Уг үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжлэх тул та саатан тухлаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж