Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл удааширч байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл удааширч байна

Нийслэлд газар зохион байгуулалттай холбоотой олон асуудал гардаг. Тухайлбал, Арьс, ширний үйлдвэр, хаягдал боловсруулах газар зэрэг нийслэлийн суурьшлын бүсээс зайтай байх ёстой байгууллагууд олон бий. Нийслэлийн удирдлагууд “Арьс, ширний үйлдвэрийг энд байрлуулна. Элчин сайдын корпусыг тэнд барина. Барилгын материалын худалдаа хотын төвд байх ёсгүй” гэх мэтээр шийдвэрлэхийг оролддог ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнтэй ажил хийсэнгүй. Төлөвлөсөн ажлуудын нэг болох арьс, ширний үйлдвэрүүдийн хог хаягдлыг хариуцдаг урьдчилан цэвэрлэх байгууламж өнөөдрийг хүртэл хамгийн асуудалтай нь. Мөн нэлээд хэл ам дагуулдаг нь. Хуучнаар “Харгиа”  буюу урьдчилан цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудлыг өнгөрсөн хавар нэлээд нухацтай ярьж байсан. Цэвэрлэх байгууламжийн одоогийн хүчин чадал нь өдөрт 13 000 метр куб, жилд 3 250 000 метр куб хаягдал цэвэрлэдэг.  Энэ хүчин чадлыг технологийн шинэчлэлээр нэмэгдүүлэх боломжтой. Тус байгууламж 1972 оноос хойш өнөөг хүртэл нэг ч удаа засварт ороогүй аж. Тиймээс хаягдлыг цэвэрлэхээсээ илүү дамжин өнгөрүүлэх байгууламж болоод байжээ. Тиймээс холбогдох мэргэжилтнүүд урьдчилан цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд Арьс, ширний үйлдвэрийн өтгөн хаягдал буюу лагийн талбайг иж бүрэн цэвэрлэж,  станцуудад хуримтлагдсан лагийг цэвэрлэн барилга байгууламжуудад их засвар хийх байжээ.  Мөн насос, шүүр, инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөсөн байна.  Энэ бүх шинэчлэлтийн ажлыг хэрэгжүүлэхэд  1.7 тэрбум төгрөг шаардлагатай аж. Гэхдээ энэ мөнгө зөвхөн тоног төхөөрөмж шинэчилж, нурах дөхсөн барилгуудыг нь торгооход л хүрэлцээтэй. Учир нь алсдаа арьс, ширний үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжтай нь хамт нэгдсэн байдлаар хотоос зайдуу байрлуулах юм. Гэхдээ энэ их ажил хэзээ эхлэхийг хэлж мэдэх хүн алга. Ямар ч байсан ойр орчимдоо эвгүй үнэр тархааж, төв цэвэрлэх байгууламжид хэт ачаалал өгч, улмаар Туул голыг бохирдуулдаг байдал үгүй болох боломжийг дээрх нэг тэрбум гаруй төгрөг шийдэх нь лавтай.

Шинэчлэлийн ажил хэр урагштай байгааг сурвалжлахаар очиход энэ талаар огт ярьж байгаагүй мэт орчин хүлээн авсан юм. Ажилчид нь цайны цагтаа орсон юм уу гээд түр хүлээсэн ч байшингийн шавардлага хийж буй залуусаас өөр нүдэнд торох хүн байсангүй. Ус чийг, химийн бодист идэгдэн арматур нь гартлаа элэгдсэн байшин, цэвэрлэх тогоо нь эвгүй үнэр ханхалуулсан хэвээр. Мөн орон сууц барих боломжгүй орчинтой энэ газарт “Заг констракшн” барилга барьж захиалга авч байх аж.  Цэвэрлэх байгууламжийн асуудалд  ХХААХҮЯ-аас тендер зарлаж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь ШУА-ийн эрдэмтэд, ШУТИС-ийн багш нар, Арьс боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд боловсруулсан. Зарим хүний таамаглаж байгаагаар шинэчлэл хийх график нь бүрэн гараагүй аж. Үүнийг урьдчилан цэвэрлэх байгууламжийн ерөнхий инженер “Тендерт шалгарсан компани нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр ажлаа явуулж байгаа. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа амжихыг зорьж байна” хэмээн тайлбарлаж байна. Мөн тендерт шалгарсан “Сант Хан” ХХК-ийн мэргэжилтэнтэй уулзахад “Бидний хувьд шаардлагатай тоног төхөөрөмж ороод ирвэл ирэх сард ч дуусгаж чадна. Насос, шүүр зэрэг тоног төхөөрөмжөө бага зэрэг хүлээх шинжтэй байгаа болохоор  барилгын засварын ажлаа гүйцэтгэж байгаа. Өөрсдийн хөрөнгөөр хийж байна. Тэгээд ч олон жил ярьсан энэ асуудлыг шийдэх болсон нь сайн хэрэг биз дээ. Харин ч энэ ажилд төр засгаас анхаарал хандуулж байгаад баярлаж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шүүмжлэл тавиад байх юм. Түүнийгээ боливол яасан юм бэ” гэсэн хариуг өгсөн юм.

Урьдчилан цэвэрлэх байгуу­ламж­тай холбоотой зарим асууд­лыг тус байгууллагын дэд дарга З.Занданпүрэвээс тод­руулсан юм.

-Цэвэрлэх байгууламжтай хол­­боотой хэл ам маш их гар­даг байсан. Технологийн шинэч­лэлээр үүнийг шийдэж чадах уу?

-Одоо сайжруулахгүй бол төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг улам л доголдуулна. Арьс ширний үйлдвэрүүд бол нэлээд хортой нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг газар. Хаягдал нь ч бас тийм л байгаа. Цэвэрлэх байгууламж “Харгиа” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байхдаа арьс, ширний хаягдал буюу хром болон сульфаттай усыг нэг шугамаар дамжуулдаг байсан. Түүнээс болж хүхэр, аммиак зэрэг хортой нэгдлүүд үүсч байсан. Тиймээс дээрх хаягдлыг нэг шугамаар явуулж исэлдэж, урвалд оруулахгүйн тулд тус тусд нь шугам тавьж байна. Мөн цэвэрлэх тогооны насос, шүүрийг шинэчилснээр хаягдлыг бүрэн цэвэрлэдэг болно.

-Ажил нэлээд удаашралтай байх шиг санагдлаа. Ажиллаж байгаа хүн ч цөөхөн?

-Ажил бага зэрэг оройтож эхэлсэн. Тендерт шалгарсан компани маань засвараа хийж байна. Одоохондоо барилгын засвар болон тогооны засварыг хийж гүйцэтгэнэ. Зарим хоолойг шинэчилж, булсан. Харин насос, шүүр зэргийг бид Италиас захиалан авчирч байгаа болохоор гурван сар тээвэрлэнэ. Арванхоёрдугаар сараас хүлээгээд авчих байх. Ямар ч байсан захиалсан хугацаандаа авахыг хичээж байна. Санхүүгийн асуудлаа шийдэх гэж бас компани маань ч ажлаа гүйцэтгээд хийх ёстойгоо л хийж байна.

Энэ сарын эхээр арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож ажилдаа оржээ.  Гэхдээ засварын ажил удаашраад зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдалд ч сөргөөр нөлөөлж мэдэх юм. Сүүлийн хэдэн долоо хоногт арьс, ширний үнэ нэлээд унаж байгаа. Ченжүүд ч, арьс, шир боловсруулах үйлдвэр ч мөнгөө түгжихийг хүсэхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн сард “Эмээлт” захаар үзэгддэг гадны худалдан авагчид ч цөөрсөн байна. Үүнээс шалтгаалан малчид хямд үнээр арьс, ширээ холоос авчирч байгаадаа бухимдалтай байгаа аж.  Тиймээс урьдчилан цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж шаардлагатай мөнгийг нь даруйхан шийдэх хэрэгтэй. Хэдийгээр энэ мөнгө 2010 оны төсөвт суугаагүй ч Сангийн яам, НЗДТГ энэ асуудалд анхаарлаа хандуулан Төрийн санд байршуулсан аж. Тиймээс засвар гүйцэтгэхээр ажилдаа орсон компанийн ажилд дэмжлэг үзүүлж урьдчилан цэвэрлэх байгууламжийг ашиглалтад түргэн оруулах хэрэгтэй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж