Хонконг шиг болох вий дээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хонконг шиг болох вий дээ

Яагаад заавал Хонконгийг иш татаад байгаа нь учиртай. Дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 14 дүгээрт бичигдэж буй Хятадын тэрбумтан Ли Ка-Шингийн баяжсан түүхийг л ярихад учир нь мэдэгдэнэ. Тэрбээр хуванцар цэцэг зарж бизнесээ эхэлсэн ч газартай хүнийг л хамгийн баянд тооцдог гэдгийг ухаарсан юм. Хятадад газар худалдаж авах гэсэн боловч дийлдэхээргүй үнэтэй байсан нь түүнийг ингэж ухаарахад хүргэжээ.  Улмаар хуванцар цэцгийн үйлдвэрээ зарж, Хонконгод газар худалдан авч, үйлдвэрүүдэд нь маш их хөрөнгө оруулалт хийж байжээ. Мөн олон барилга барьсан гэж байгаа. 1968 онд Англичуудыг Хонконгийг орхин гарч, газар бараг үнэгүй  болсон нь түүнд бүр ч их боломжийг нээж өгсөн гэж байгаа. Тухайн үедээ ойр дотнхон нь түүнээс яагаад хүний нутагт ингэж их газар худалдаж авч, хөрөнгө оруулаад байгааг асуусан. Гэтэл мань “Энэ газар ирээдүйд манай улсынх болно. Хүн өөрийнхөө юманд хөрөнгө оруулахаас харамлах хэрэггүй” гэсэн аж. Түүний хэлснээр болж Хонконг Англичуудын колоноос гараад нэг их удалгүй Хятадын харьяа болсон. Ингэснээр Ли Ка-Шингийн баяжих зам нээгдэж, асар их хөрөнгийн эзэн болж чадсан байна. Одоо Хонконгийн бүх үйлдвэрийн 10 хувь нь түүний мэдэлд байдаг. Барьсан орон сууцанд нь 200 мянган хүн амьдарч, түүнд мөнгө төлдөг гэж байгаа. Энэ түүх л манай улсад хэрэгжээд, эсвэл хэн нэгэн Хятадын баян хэрэгжүүлээд байх шиг байна. Сүүлийн үед Хятад улсын засгийн газраас манайд хөрөнгө оруулах дуртай болсон. Банкны байр, спортын ордоноос эхлээд буцалтгүй тусламжаар олон л барилга барьж байна. Түүнээс гадна хэчнээн ч орон сууц барьж байгаа юм бүү мэд. Мөн хятадын хөрөнгө оруулалттай сургууль, үйлдвэр, эмнэлэг гээд байхгүй юм алга. Сүүлийн хэдэн жил газар үнэд ороод, баргийн хүн худалдаж авч дийлэхээргүй болсон.  Нийслэлд дундаж орлоготой хүнд газар олдохоо болиод байгаа. Гэтэл Хятадууд хамгийн ашигтай, тэгшхэн газартай 100 айлын зүүн талын буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороог тэр чигт нь эзлээд, хувийн газартай болчихож. Жижиг дунд үйлдвэрлэл хийх боломжтой ихэнх нь бизнесийг хятадууд эзэгнэж байна. Манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг гэгдэж буй уул уурхайг ч хятадууд л эзэгнэж байна. Ямар хаалт саадгүй нутаг руу өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг л зөөж байна. Ингээд бодохоор Хонконгийн түүх л давтагдаад байгаа юм шиг санагдаад байх юм. Нэг л өглөө ихэнх үйлдвэрийн маань хувьцаа, уурхайнууд нэг хятад баяны мэдэлд ороод, өнөөх дэлхийн тэрбумтнуудын эгнээг тэргүүлээд л хусч вий дээ, та минь.  Орон сууц хөлсөлсөн ч, дэлгүүрээс талх худалдаж авсан ч, байшин барих гэсэн ч дандаа л хятад хүнд хөрөнгө оруулаад байвал сайхан биш л байх. Одоо ч гэсэн манайх Хятад улсад хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа л даа. Гэхдээ л талхаа өөрсдөө үйлдвэрлээд байгаа юм. Хэрвээ энэ хэвээрээ байгаад, хоёр дахь Хонконг болвол талхаа битгийн хэл голынхоо усыг хэн нэгэн урд зүгийн хүнээс худалдаж авах л болох байх. Түүх давтагддаг гэдгийг мартмааргүй л байна.  

Н.ПУНЦАГБОЛД

Зохиогчийн эрх: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж