“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Үндэсний аюулгүй байдал гэж юу болох, эдийн засгийн аюулгүй байдал, төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого, эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлын хангах талаар ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг дээрх тогтоолоос авах боломжтой.

Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэллээ. Үндсэн хуулийн цэц Засгийн газрын 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан зарим заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн бөгөөд УИХ дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн тогтоолыг гаргасан юм.

Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Их, дээд сургуулиудын профессор, багш, судлаачид, магистрант, докторант, Шинжлэх ухааны академийн хүрээлэн, төвүүдийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийдэг, гарсан үр дүнг нь бизнесийн болон санхүүгийн байгууллагатай хамтран үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлэхэд их сургуулиудын хотхон байгуулах бодлого чиглэгдэж байгаа юм.

Олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор нэн тэргүүнд төрийн өмчийн их сургуулиудыг  хотхоноор хөгжүүлэх бөгөөд төрийн бус өмчийн сургуулиуд нэгдэж 5-10 мянган оюутантай болж хотхон байгуулах тохиолдолд газар олгох асуудалд нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Хотхон нь хичээлийн байр болон бусад зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж болон тоноглолтой байна. Мөн сургалтын техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж нь орчин үеийн сургалт, судалгааны шаардлагад нийцсэн байхаас гадна эрдэм шинжилгээний хүрээлэн, лаборатори, бизнес-үйлдвэрлэл-технологийн инкубатор, технологи дамжуулах төв, технологийн парктай байна хэмээн тавигдах шаардлагад дурджээ. Өндөр хурдны интернет сүлжээтэй, зайны сургалт явуулах орчин бүрдсэн байхаас гадна сургалт-эрдэм шинжилгээний номын сантай, оюутны дотуур байр, багш, эрдэм шинжилгээний ажилтан, гадаадын зочин,  профессор, албан хаагчид түр амьдрах орон сууцтай, нийт багш, оюутны 40-өөс доошгүй хувь нь байрлах дотуур байр болон орон сууцтай  байх аж.

Хотхоны оршин суугчдын хүүхэд сурч хүмүүжихэд зориулсан ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, ажиллагсад, оршин суугчид болон багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутанд зориулсан нэгдсэн эмнэлэг, багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад, оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх соёлын ордон, клуб, нийтийн биеийн тамир, спортын цогцолбортой байх юм байна.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2010.09.27
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж