С.Эрдэнэ: Би хэн нэгний дарамт шахалтаар явдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Би хэн нэгний дарамт шахалтаар явдаггүй


УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга асан С.Эрдэнээс байр суурийг нь сонирхлоо.

 -“Та яг долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал зарлан “Миний нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй байна. Ирэх аравдугаар сард нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг дахин зарлана, тэр үед дарга нь шударгаар сонгогдож, нийслэлийн Ардчилсан намын дарга болно биз, одоо бол Ш.Түвдэндоржид тамга тэмдгээ өгөхгүй” гэж  мэдэгдэж байсан. Гэтэл одоо тэр байр сууринаасаа татгалзлаа. Шалтгаан нь юу байв аа?

-Нэгдүгээрт, би Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад өнөөдөр/өчигдөр/ би хүсэлтээ тавьсан, нийслэлийн Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх тухай. Ингэснээр намын дүрмийн дагуу миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хоёрдугаарт, нийслэлийн Ардчилсан нам бүтэн цул байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс. Гуравдугаарт, энэ намын өмнө улстөрийн хариуцлага хүлээж явдаг хүний хувьд энэ шийдлийг гаргасан. Энэ алхмыг хийснээр нэг талаараа дүрмийн зөрчил арилсан, нөгөө талаасаа энэ алхам маань улстөрийн алхам байлаа.

-Тэгэхээр та  Ш.Түвдэндорж даргыг дүрмийн хүрээнд сонгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Нэг үгээр хэлбэл, би өнөөдөр хүсэлтээ өргөн барьснаар Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон албан ёсны хүн болж байгаа юм.

-Уг нь намын даргыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар батламжлах ёстой гэж та хэлж байсан. Тэр дүрэм өнөөдөр зөрчигдөж байгаа бус уу?

-Ерөнхийдөө бол Ардчилсан намын үндсэн дүрэмд зааснаар тухайн дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд бүрэн эрхийн хугацаа нь дуусч, чөлөөлөгдөх үндэслэл нь болдог. Тийм учраас нэгэнт нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд хүсэлтээ тавьсан учраас дүрмийн зөрчилгүй болж байгаа юм.

-Та тамга тэмдгээ Ш.Түвдэндорж даргад шилжүүлчихлээ. Энэ нь ямар дүрмийн дагуу явж байгаа юм бэ тэгвэл?
 

-Би хэллээ шүү дээ, өөрөө хүсэлтээ өргөн барьснаар намын даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог гэж… Одоо харин  шинэ дарга нийслэлийн Ардчилсан намын үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ.  Саяхан болж өнгөрсөн 11 дүгээр хуралдааны үеэр гарсан зарим нэг дүрмийн бус зөрчлийг шинэ дарга маань засч, залруулаад явах байх гэж бодож байна, бас итгэж байна.

-Та долоо хоногийн өмнө их өөр зүйл ярьж байсан, одоо харин намын эв нэгдлийг хангах үүднээс ийм улстөрийн шийдэл гаргалаа гэх. Таныг тохиролцоо хийжээ гэж ойлгож болох уу, намын эв нэгдлээр?

-Намын эв нэгдэл дээр тохиролцоо гэж асуудал байхгүй. Ганцхан л асуулт бий,  тэр нь Ардчилсан намыг ямар нэг байдлаар хагаралтай байлгах, тэр дотроо намын цөм болсон нийслэлийн Ардчилсан намыг хагаралдуулах зорилго санаархалтай хэсэг бий,  үүнийг үгүйсгэхгүй. Тиймээс тэр хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол санаархалыг хангах эрх бидний  хэнд ч байхгүй.

-Гэхдээ та өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “Хууль бус үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөх эрх байхгүй” гэж мэдэгдэж байсан. Одоо бол эвлэрчихсэн сууж байгаа юм биш үү? 

-Эрх байхгүй гэдгийг би дүрмийн зохицуулалтаар хэлж байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл, намын ерөнхий нарийн бичгийн дарга ажилдаа орсон, би өөрийнхөө хүсэлтийг тавьсан. Ингэснээрээ дүрмийн бус байсан зүйлийг би өөрөө дүрмийн болгож, зөв гольдролд нь оруулсан юм.

-Тэгвэл намын даргыг батламжлах ёстой гэдэг асуудлыг ямар өнцгөөр харах болж байна?

-Батламжлах эсэх асуудал бол Үндэсний зөвлөлдөх хорооны асуудал. Гэхдээ намын дүрмийн шинэчлэлээр батламжлах эсэх асуудал бол албан ёсны бус болсон.

-Та тэгэхээр өмнө нь дүрмийн шинэчлэлээ мэдэхгүй байж ингэж ярьж байсан хэрэг үү?

-Би өөрөө тэгж батлагдсан учраас энэ тухай ярьсан. Тодруулах юм бол намайг Үндэсний зөвлөлдөх хорооны тогтоолоор баталж байсан тогтоол байгаа л гэж  хэлсэн юм шүү дээ.

-Та бас нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны 11 дүгээр хурал дүрмийн бус болсон гэж мэдэгдсэн шиг санагдах юм? 

-Энэ хуралдааныг би дүрмийн бус гэж хэлээгүй.  Хуралдааныг би өөрөө зарласан. Ээлжит 11 дүгээр хуралдаан албан ёсных байсан. Харин дүрмийн бус зарим нэг алдааг ээлжит бус хуралдаанаар зарлуулна гэдэгт би шинэ даргад би итгэж байгаа.

-Жишээ нь ямар дүрмийн бус алдаа гарсан юм бэ, тэр 11 дүгээр хуралдаанаар?

-Хэлэлцэх асуудлын төслийг өргөн барихаас эхлээд техникийн чанартай алдаанууд олон байсан. Үүнийг би эцэс төгсгөлгүй маргаан болгож хувиргаад намынхаа Хяналтын ерөнхий хороонд асуудал,  өргөдлөө тавиад явах бүрэн боломж байсан. Гэхдээ энэ маргаан мэтгэлцээнээс зайлсхийх, намын эв нэгдлийг хангах, өнөөдөр намын хагаралдааныг хүсч байгаа тэр бүлэг хэсгийн санаархлыг таслан зогсоох үүднээс энэ алхмыг хийсэн юм.
 
-Хэн нэгэн дарамт шахалт үзүүлсэн байх талтай юу?

-Надад ямар ч дарамт шахалт ирээгүй. Надад дарамт шахалт өгч чадах тийм хүн ч байхгүй гэж хэлэх байна. Би хэн нэгний дарамт шахалтаар явдаггүй.

-Таныг “Ш.Түвдэндоржид тамга тэмдгээ өгөхгүй” гэж мэдэгдэхэд нам дотрох хагаралыг улам гүнзгийрүүлж байна гэж дүгнэх хүн олон байсан. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тэр хардалтыг байхгүй болгох үүднээс, нам дотроо ямар нэг хагаралдаан байлгахгүйн тулд эв нэгдлийг хангах үүднээс энэ алхмыг хийсэн. Түүнээс маргаан мэтгэлцээн хийгээд явсан бол энэ асуудал хэчнээн ч удаан хугацаагаар сунжирч мэдэхээр байсан л даа.

-Санал хураалтын үед 55 хүн оролцсон ч саналын хайрцаг дотроос 60 саналын хуудас гарч ирсэн гэх мэдээлэл бий. Энэ ямар учиртай вэ?

-Би бол тийм техникийн чанартай, хэрүүлийн асуултад хариулт өгөхгүй. Би өөрийнхөөрөө   улстөрийн шийдвэрээ гаргалаа. Хэрвээ энэ асуудал даамжраад удах юм бол намын эв нэгдэлд улам их хор хөнөөл учруулж, сөрөг үр дагавар дагуулах байсан учраас намын ерөнхий нарийн бичгийн даргын оролцоотойгоор энэ асуудлыг ярилцаад шийдсэн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж