М.Бундмаагаас гавьяат цол харамлав уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

М.Бундмаагаас гавьяат цол харамлав уу?


Монголын жүдочид Японы Токио хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медальтай ирж бахдам амжилт гаргасан. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Мөнхбаатарын Бундмаа, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар нар хүрэл медаль хүртсэн. Өнөө жилийн ДАШТ жүдогийн эх оронд болж,  -100 кг-ын жинд хүч үзсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир медалийн оосроос атгаад алдсан. Энэ азгүйтэлд манай хоёр тамирчин цэг тавьж Токиогийн татамигаас хос хүрэл медаль олзолсон билээ. Ингэж баярлуулсан тамирчдыг эх орон нь яаж угтах бол гэдэг бөх сонирхогчдын хувьд амттай сэдвийн нэг байсан юм.  Улсынхаа нэрийг олон улсын дэвжээнд олон жил өндөрт өргөсөн М.Бундмаад ДАШТ-ээс медаль авчирсных нь төлөө гавьяат тамирчин өгнө гэдэгт олонх нь итгэл төгс байсан. Гэвч гавьяатын нормыг хэд давуулж биелүүлсэн М.Бундмаад гавьяат биш харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаагаад л өнгөрөв. Уг нь М.Бундмаа гавьяатын болзлыг аль эрт 2005 онд самбо бөхийн дэлхийн аварга болоод ирэхдээ л хангачихсан юм шүү дээ.

Улмаар самбо бөхөөр 2007 онд дэлхийд хоёр дахиа түрүүлж, тухайн ондоо оюутны универсиад наадмаас аваргын алтан медаль авчирсан билээ. Гэтэл түүний энэ сүрдэм амжилтыг үнэлэхгүй байгаад түүнийг дэмждэг бөхийн хорхойтнууд тун ч бухимдаж байна. Тэр ч бүү хэл дөнгөж найман сар жүдо барилдаад дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Диплимпод долоон бөхөөс түрүүлсэн Д.Очбадралд гавьяат цол олгосон хэрнээ М.Бундмааг орхилоо хэмээн жишээ татацгааж байна билээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч хүч чадал, тэсвэр тэвчээрийн шалгуур болсон спортоор хичээллэж цөөн тамирчидтай өрсөлдөөн багатай талбарт ч бол Монгол гэсэн нэрийг гаргаад ирсэнд нь тэд бүгд Ч.Очбадралд талархаж байгаа ч төрийн шагналын систем гэж ойлгомжгүй орооцолдооноос болоод тамирчдыг ч дунд нь хагаралдуулж мэдэхээр байдалд хүргэж буй юм. Уг нь Д.Очбадралыг учир мэдэх хүмүүс нь хөдөлмөрийн баатарт тодорхойлсон юм билээ. Гэвч эрхэм Ерөнхийлөгчийн лүндэн гавьяат гэх цол дээр гарсан. Магадгүй манайхан М.Бундмааг гавьяатад тодорхойлсныг хасч танах л ёстой гэж боддог түшмэдүүд цэцэрхэж одон дээр буулгасан байж ч мэднэ. Энэ явдлаас болж спортын хүрээнийхний дунд гавьяат хэмээх цолын үнэлэмжийн талаар багагүй яриа хөөрөө өрнөөд буй юм. М.Бундмаагийн багш жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд нар самбо бөхөөр анхлан ДАШТ-д түрүүлээд гавьяат болж байсан. Гэтэл өдгөө хоёртонтоо аваргалж, олимпийн наадмын хөтөлбөрт ордог жүдогоор дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн тамирчинд лав олдоход бэрх цол болсон бололтой хэмээцгээж байна. Ийм жишээ ч их спортын түүхэнд цөөн биш. Боксын отгон гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг олимп, ДАШТ-ээс медаль авчраагүй ч ирээдүйд оролцох олон олон тэмцээнийх нь амжилтын урьдчилгаа болгоод гавьяат цол олгож болоод л байсан даа. Гэтэл энэ удаа дэндүү гар чангатай байгаа нь нэг талаар чөлөөт бөхийн дэлхийн аваргаас 38 жил хүлээсэн алтан медалийг нь аваад ирсэн С.Батцэцэгийн  араас адилхан л ДАШТ-д хүч үзсэн жүдогийн тамирчдаа олж харах мэлмийгүй харалган загнав уу даа ч гэж бодож болохоор л байна.

А.ТҮМЭНБАЯР.

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж