Монголын шатрын хөгжил урагшлах уу, ухрах уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Монголын шатрын хөгжил урагшлах уу, ухрах уу?

Дэлхийн шатрын 39 дүгээр олимпиад ОХУ-ын Ханты-Мансийск хотноо үргэлжилж байна. Өчигдөр зургадугаар тавилд манай эрэгтэйчүүдийн баг 28 дугаар ширээнд чансааны 49-т жагссан Австралийн багтай тоглов. Харин эмэгтэй шатарчид 26 дугаар ширээнд Шри Ланкийн багтай тус тус өрсөлдлөө. Шри Ланкийн баг чансаагаараа 89 дүгээрт бичигджээ. Дугаар шилжих мөчид тоглолт эхэлж байв. Манай шатарчин бүсгүйчүүд энэ тэмцээнд чансаагаараа 31 дүгээрт жагссан. Гэвч таван өргийн дараахь байдлаар ердөө л таван оноотой 52 дугаар байрт байна. Оюуны спорт өндөр хөгжиж байгаа манай улсын хувьд энэ нь тун тааруу амжилт. Яагаад вэ гэж үү. Манай шатарчид энэ битгий хэл амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Т.Энхцаг тэргүүтэй шатрын холбооны удирдлагууд буруу бодлого барьснаас болж шилдэг тамирчид нь энэ олимпиадад оролцож чадалгүй үлджээ. Манай улсын шатарчид тодорхой шалтгааны улмаас тэмцээн бүрт орж чаддаггүй. Уг чанартаа бол сүүлийн тэмцээнд оролцсон амжилтаар нь тамирчдаа сонгон шалгаруулбал манай улсын системд илүү ойртох юм.  Шатрын олимпиадыг дөрөв, тавхан орны шатарчин өрсөлдсөн сурагчдын ДАШТ-ээс дорд үзлээ гэж үү. Ийм нэг жишээ байна. Сурагчдын ДАШТ-д оролцсон А.Энхтуулыг ивээн тэтгэсэн мөртлөө тэмцээнүүдээ үл хайхарч байгаа нь холбооны удирдагчийн гаргах ёстой араншин мөн үү гэж асуумаар. Үгүй ядаж улсын аварга шалгаруулах тэмцээнээ хүртэл ивээн тэтгэж чадахгүй тамирчдаасаа хураамж авч, түүгээрээ шагнал төдийхөн зүйл хийж хуурч байгаа нь арай л дэндүү. Арай л биш юм аа. Бид 39 дүгээр олимпиадад 31 битгий хэл өндөр чансаатай оролцох боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл, эхний 25 дугаарт багтахуйц рейтингтэй багийг манай улсын бүсгүйчүүд бүрдүүлж болох байв. Уг нь улсын аварга шалгаруулах тэмцээний нийлбэрээр тамирчдаа сонгоно гэсэн систем манай улсад үйлчилдэг. Гэвч эрх ашгийн зөрчлөөс болоод тэгсэнгүй. Шатрын холбоо сонгон шалгаруулалтаа буруу хийсний балгаар бүсгүйчүүд маань байж болох үзүүлэлтээсээ хоёр дахин бага амжилттай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Шатрын спорт сулхан хөгжсөн Шри Ланк, Бангладеш болон хар тивийнхэнтэй л өрсөлдөн хожиж байна шүү дээ. Багийн бүрэлдэхүүнээ буруу сонгосноос болж бид юу алдав гэдгийг хамгийн эхний өргийн тоглолтоос харж болно. Чансаагаараа манай шатарчдыг тэргүүлж байгаа их мастер Б.Мөнгөнтуулыг Туркментэй хийсэн тоглолтод өнжөөсний балгаар тэнцээ хийж орхив. Манай шатарчдыг удирдаж яваа хоёр нөхөр Т.Энхцаг болон шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сумьяа бодвол Туркменийг хэт басамжилсан юм байлгүй дээ. Спорт бол цэвэр өрсөлдөөний талбар байдаг. Хэн нэгнийг басах хэрэггүй. Хэрвээ энэ тоглолтод зөв хүнээ тоглуулсан бол манай баг хожиж болох байв. Өмнө нь ч гэсэн манайхан энэ улсын багтай тэнцэж байсан. Харин үүнийг нь удирдаж яваа хүмүүс нь мэддэг болов уу. Бас чансаа дэндүү доогуур Шведийн багт 3:1-ээр хожигдсон. Арай ч дээ. Багийн спорт гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүсийн алдаа. 2100-аас дээш чансаатай шатарчидтай таарахад л манайхан дийлдэж байх жишээтэй. Монголын эмэгтэйчүүд 52 дугаарт бичигдэхүйц амжилт гаргах шатарчид биш шүү. Сурагчдын дэлхийн аварга болсон А.Энхтуул “би гуравдугаар ширээнээс хөдлөхгүй шүү” хэмээн “хаазалсан” сураг дуулдсан. Ингэхэд түүнийг хаана суулгахыг хэн мэдэх хэрэгтэй юм бэ. А.Энхтуул уу, дасгалжуулагч гэж яваа Т.Энхцаг уу. Гэтэл дэлхийн аварга А.Костенюк гуравдугаар ширээнд тоглож байгаа. Оросууд дэлхийн аваргаа хүндлээд ямар ширээнд тоглох саналыг нь авчээ. Дасгалжуулагч нь түүнд бэлтгэл тааруу байгааг нь анхааруулсан гэнэ. Тэгээд дэлхийн аварга “Би энэ удаад бэлтгэл муу байгаа учраас улсынхаа эрх ашгийг бодоод гуравдугаар ширээнд сууя” гэжээ. Дэлхийн шилдгүүдээс манай зарим нэг залуу тамирчид үлгэр дууриал авч байхад илүүдэхгүй биз. Үүнээс гадна дасгалжуулагчийн асуудал энэ тэмцээнд нөлөө үзүүлж байна. Дасгалжуулагч авч явалгүй ерөнхийлөгч нь өөрөө багаа удирдаад явна гэдэг байж боломгүй бүдүүлэг алдаа юм. Бодоод үз дээ. Бусад орныхон лав гайхаж, бас шоолж байгаа даа. Хөөрхий монголчуудад дасгалжуулагч олдохгүй шатрын холбооны ерөнхийлөгч нь тамирчдаа хөтөлж явна гээд л. Уг нь манайд гайгүй сайн дасгалжуулагч бий. Гэхдээ тэднийг холбоо нь дэмжиж өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, холбоо нь дасгалжуулагч нартайгаа уялдаа холбоо алга. Жишээ дурдахад манай улсад анх удаа болсон гранпри тэмцээнд хойд хөршөөс 15 мянган ам.доллараар дасгалжуулагч хөлсөлж Б.Мөнгөтуулын бэлтгэлийг хийлгэсэн гэдэг. Гэтэл өнөөх нь арав хүрэхгүй хоног хэдэн юм хэлж өгөөд тэмцээн эхлэхийн өмнө яваад өгч байгаа юм. Үүний оронд монголынхоо хэдэн дасгалжуулагчид 1000 ам.доллар өгсөн бол тэд бүх мэдлэгээ Б.Мөнгөнтуулд зориулах байсан даа. Дасгалжуулагчийг шатрын мэдлэгтэй хүн л хийнэ биз дээ. Хөлбөмбөгөөр жишээ аваад үзье. Дасгалжуулагчгүй хөлбөмбөгчид ямар амжилт үзүүлэх вэ. Холбооных нь ерөнхийлөгч багаа удирдаад явж байна гэвэл ямар инээдтэй сонсогдох бол. Арга ядсан хүний л хийх ажил шүү дээ. Энэ бол “зууны онигоо”. Ер нь аль ч спортын түүхэнд тухайн холбооны ерөнхийлөгч нь багаа дасгалжуулаад, удирдаад явж байна гэж сонсогдоогүй. Сонсогдох ч үгүй. Эмэгтэйчүүд тааруу амжилт үзүүлээд ирэхэд битгий гайхаарай. Бас тэдний амжилтыг хувийн эрх ашгаа бодсон шатрын холбооны удирдлагуудаас нэхье. Манайхан африкийн аль нэг баг юм уу, Шри Ланк зэрэг улстай тоглоод явж байх шатарчид мөн үү. Ахмад шатарчид лав ичиж байгаа даа, нээрээ шүү. Бид чансаа өндөртэй шатарчидтай тоглоод ана мана, ач тач үзэлцээд явах ёстой юм. Харин эрэгтэйчүүдийг сайн тоглож байгаа гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ энэ бол хэн нэгний гавьяа биш. Тэд зөвхөн бор зүрхээрээ л тоглож байна. Эрэгтэй шатарчдын залуу үе гарч ирж байна гэсэн үг. Онцолбол Б.Гүндаваа, Ц.Батчулуун нарыг онцолж болно. Тэд дэлхийн шилдэг шатарчин Накамүра, Шульман, Белявски, Себенек нарын чансаа өндөр шилдэг тоглогчидтой дайчин тоглолт үзүүлсэн юм. Шинэ үеийн төлөөлөл болох их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Янжиндулам, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Г.Эрдэнэ гээд манай улсын шатрын спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй шатарчдаа холбоо нь дэмжиж ажиллахгүй бол тэдний амжилт ахихгүй шүү дээ. Монголд шатрын спорт хөгжиж байгаа, гэхдээ удирдлага хэмээх нэр хүнд хайсан хэдэн хүний явуулж байгаа бодлого нь буруу, хийгээд өрөвдөлтэй байна.

Шинэ ерөнхийлөгчөөр Илюмжинов уу, Карпов уу?

39 дүгээр олимпиадтай зэрэгцээд олон улсын шатрын холбооны 81 дүгээр хурал болж байгаа. Харин манайхан энэ талаар тун хомсхон мэдээлэлтэй байна. Ялангуяа олон улсын шатрын холбооны тэргүүний төлөөх Илюмжинов, дэлхийн 12 дахь аварга Карпов нарын өрсөлдөөн дэлхий нийтийн анхаарлыг бүр ч их татаж байгаа юм. Учир нь ийм өрсөлдөөн сүүлийн 16 жилд тохиогоогүй гэдгийг хөндлөнгөөс ажиглаж суугаа мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1995 оноос хойш одоогийн ерөнхийлөгч Илюмжиновтой өрсөлдөх хүн байсангүй. Харин энэ удаад дэлхийн аварга Карпов түүнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Сонирхолтой нь Карповыг дэлхийн шатрын шилдгүүдийн дийлэнх нь дэмжиж байна. Шатрын спорт өндөр хөгжсөн Америк, Франц улсууд Карповыг нэр дэвшүүлж, Герман, Англи зэрэг томоохон гүрнүүд дэмжихээ илэрхийлээд байгаа аж. Харин одоогийн ерөнхийлөгчийг ОХУ нэр дэвшүүлж байгаа юм. Улсынхаа төрийн тэргүүний суудлаас хүртэл татгалзаж чадсан Илюмжинов шатрын холбоог толгойлохын тулд бүхий л аргаа хэрэглэж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Шатрын спортоор дээгүүр бичигддэг орнууд одоогийн ерөнхийлөгчийн хэд хэдэн зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Тухайлбал, ДАШТ-ий хуваарийг дур мэдэн байнга өөрчилдөг, доод албан тушаалтнууд нь буруу бодлого явуулдаг гэх мэт. Одоогийн ерөнхийлөгч Илюмжинов Нью-Йоркийн хоёр цамхагийн нэгэнд 10 сая ам.долларын өртгөөр “World chess tower” байгуулна гэсэн нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Иймэрхүү мэдээллүүд дэлхийн нийтээр цацагдсаар байхад харин манайхан нүдэн балай, чихэн дүлий царайлаад сууж байх юм. 81 дүгээр хуралд дэлхийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байхад манайхан тоосонгүй. Тоогоод ч яах юм билээ. Хурал англи хэл дээр явна. Гэтэл энэ олимпиадад манай шатрын холбоог төлөөлөөд хуралд оролцчих англи хэлний мэдлэгтэй хүн алга.  Тийм зав ч бараг гарахгүй байгаа биз, тэмцээний үеэр. Монголын шатрын холбооны удирдлагуудыг учраа олохгүй будилж байх хооронд бүх зүйл болоод дуусч байх жишээтэй. Нэг л мэдэхэд шинэ ерөнхийлөгчийг сонгох хугацаа тулаад ирчихэж. Уг нь манайхан Илюмжиновыг дэмжихээ илэрхийлсэн юм гэнэ билээ. Монголын шатрын спортод их хувь нэмэр оруулсан түүнийг дэмжих нь зөв. Гэхдээ А.Карпов яллаа гэхэд бид түүнийг хэр мэдэх вэ. А.Карпов гэгчтэй хэр холбоотой байдаг вэ гээд л асуудал олон гарна. Хятадууд шиг бид шийдвэрээ гаргаагүй гээд л буруу хараад сууж байх “муу санаа” манайханд дутсан хэрэг. Маргааш олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч хэн болох нь тодорно. Илюмжинов уу, Карпов уу. Шатрын холбооны ерөнхийлөгчийг 167 орны үндэсний холбоодын төлөөлөгч “Нэг улс-нэг санал” гэсэн зарчмаар нууц санал хураалт явуулдаг учиртай. Гэтэл манай төлөөлөгч хэл усны дутагдалтай учир юу хэлэлцэж байгаа ч ойлгохгүй хэнд саналаа өгсөн өө мэдэхгүй хоцрох бий дээ.

Б.Мөнхзул.

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж