”Цалин, тэтгэврийг ялгавартай нэмж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

”Цалин, тэтгэврийг ялгавартай нэмж байна” гэв

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг маргаашнаас эхлэн 30 хувиар нэмнэ. НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ (Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо) өнгөрсөн дөрөвдүгээр сард гурван талт хэлэлцээр хийсний үр дүнд сүүлийн хоёр жил огт хэлбэлзээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэх шийдвэрт хүрсэн. Тиймээс 2010 оны төсвийн тодотголд 78.2 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулан төсөвлөсөн. Энэхүү мөнгөний 49.3 тэрбумыг төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэхэд, мөн тэтгэвэр, тэтгэмжид зориулан 28.9 тэрбумыг нь зарцуулахаар шийдсэн. Харин халамжийн сангаас тэтгэвэр авагчид буюу хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй, тэтгэврийн зээлд хамрагдсан иргэд маргаашнаас бус ирэх оноос тэтгэврийнхээ нэмэгдлийг авах эрхтэй болох тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюушаас тодруулах гэсэн боловч тэрбээр томилолтоор хилийн дээс алхсан учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байлаа.

МҮЭХ-ныхон ямар байр суурьтай байгааг Бодло­го төлөв­лөлтийн газрын дар­га Ц.Отгонтунгалагаас тод­рууллаа.

-Маргаашнаас эхлэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар нэмэхээр болсон. Гэтэл хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй болон тэтгэврийн зээлтэй иргэд нэ­мэгдлээ ирэх оноос авна гэх юм?

-Одоохондоо ийм мэдээлэл манайд ирээгүй байна. Хэрэв тийм бол энэ байж болохгүй асуудал шүү дээ. Тэртэй тэргүй Төсвийн тодотголын тухай хуулиар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зориулан 78 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Энэ мөнгө Нийгмийн даатгалын санд орчихсон байхад ямар нэгэн байдлаар иргэдийг ялгаварлан гадуурхсан тохиолдол гаргаж болохгүй. Тэтгэврийн зээл бол банк, иргэн хоёрын хоорондын л асуудал. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам банктай хамтарч ажиллах гээд байгаа л юм биш бол тийм зүйл болох ёсгүй. 

-МҮЭХ-ноос цалинг ялгавартай нэмэх ёстой гэсэн санал гаргасан.  Энэ асуудал  юу болсон бэ?

-Үндсэн цалинг нэмэхэд нэмэгдлүүд нь дагаад нэмэгдэнэ. Цалингийн  зөрүүг 2008 онд тодорхой хэмжээнд арилгаж, цалингийн сүлжээний зөрүү дөрвөн бүлэг байсныг 16 болгох жишиг тогтоосон. Харин төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны хуульд заасны дагуу буцалтгүй тусламж авдаг. Энэхүү буцалтгүй тусламжийн хэмжээ гурав дахин ялгаатай байгааг арилгах үүднээс цалингийн ялгавар гэдэг нэр томъёо гарсан. Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 18-36 сарын цалинтай тэнцэх 12-18 сая төгрөг авч байхад үйлчилгээний албан хаагчид 12-18 сарын цалинтай тэнцэх 4-8 сая төгрөг авч байх жишээтэй. Ажил олгогч төр нь ажилчдаа үндслэлгүйгээр ийнхүү ялгаварлан гадуурхах эрхгүй. Энэ бол ердөө ашиг сонирхлын зөрчлийн үүднээс үүссэн асуудал. Учир нь хуулийг Засгийн газрын удирдах албан тушаалтнууд л гаргаж байгаа биз дээ.
Цалин нэмэх тал дээр МАОЭНХ-ны дэд тэргүүн Х.Ганбаатар ямар бодолтой байгааг сонирхож, хувийн хэвшлийнхний цалинг хэзээ нэмэхийг асуусан юм. 

-Төрийн албан хаагчдын ца­лин, тэтгэвэр, тэтгэмжийг мар­гааш­наас нэмнэ. Хувийн хэвш­лийнхний цалинд ямар хөдөл­гөөн  орох бол. Гурван талт хэ­лэл­цээрийн үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн гурван талт хэлэлцээрийн үр дүн биеллээ олсон болоод л төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж 30 хувь нэмэгдэж байна. Хувийн хэвшлийнхний цалинг үүн шиг төвлөрсөн байдлаар зохицуулах боломжгүй. Төрийн албан хаагчдын цалин нэмсэн тохиолдолд бизнесийн салбарын цалин дагаад нэмэгдэх ёстой ч хувийн хэвшлийн удирдлагуудад хандаж НХХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ноос төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй ижил хэмжээгээр цалингаа нэмэх уриалга гаргахаар болсон. Хувийн хэвшлийнхэн маань дэмжинэ гэдэгт итгэж байгаа.

Харин иргэд ийнхүү ярьж байна.

Өндөр настан Ж.Цагаан:

-Би 87 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гучин хувь нэмбэл тэтгэвэр дээр минь 26100 төгрөг нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. Энэ нь манай нэг сарын цахилгааны төлбөр л гэсэн үг. Тэтгэвэр, тэтгэмж нэмнэ гэдгийг хэдэн сарын өмнөөс зарлахаар наймаачид үнээ нэмж, бид маргаашийг л хүлээж суух болчихоод байна шүү дээ. Гурилын үнэ нэмэгдсэн байна. Ингэхээр үр ашиг гарахгүй байх л гэж бодож байна.

Хувиараа бизнес эрхлэгч С.Амар:

-Эгч нь “СОТ2” гэдэг барилга трестэд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо 95 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ямар сайндаа л төв талбай дээр зураг аваад зогсч байх вэ. Цалин, тэтгэврээр амьдарна гэдэг худлаа юм байна. Өндөр цалин, тэтгэвэр авдаг хүмүүсийнхийг бага хэмжээгээр нэмээд бага цалин, тэтгэвэртэй хүмүүсийнхийг ахиухан нэмж болдоггүй юм уу. Уг нь МҮЭХ-ныхон ингэж яриад л байсан. Одоо бүр таг болчихож. Цалин, тэтгэврийг үнэхээр харьцангуй нэмж байна.

Р.Сарангоо

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж