Завхан аймгийн нутагт хонин толгойд шилжүүлснээр 5.3 сая мал өвөлжиж байна

2017 оны 1 сарын 11

Завхан аймгийн албан байгууллагуудын дарга нарын ээлжит хурлыг энэ удаа Онцгой байдлын газар хариуцан зохион байгууллаа. Хурлын эхэнд Онцгой байдлын газар 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч танилцуулсан. Өнгөрсөн онд тус аймгийн Онцгой байдлын газар нь аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 173 удаагийн дуудлагаар гарч ажиллан 31 хүний эрүүл мэнд, амь нас болон төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1 тэрбум 243 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллага бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдтэй болж, гал унтраагуурыг заавал байршуулж, ашиглах ёстой гэдгийг Онцгой байдлын газраас онцлон санууллаа. Мөн жил бүр галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж, хөрш зэргэлдээ байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд гэрээндээ гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх заалтууд оруулж өгөх хэрэгтэй талаар зөвлөмж, мэдээлэл өгч, Говь-Алтай, Ховд, Архангай аймагт малын гоц халдварт өвчин гарсан учраас хил залгаа аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн авах тал дээр анхааралтай байхыг санууллаа.

Түүнчлэн Улсын нөөцийн салбарын дарга Д.Баасанжав цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн бол ОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Баярсайхан Завхан аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын тухай товч мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл, хаврын улиралд 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрх, нийтдээ 5.7 мянган цэгт 3.4 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5,3 сая мал өвөлжиж байна. Үндсэн сумынхаа нутагт 7,6 мянган өрхийн 3 сая орчим мал, аймаг дотроо бусад сумынхаа нутагт 303 өрхийн 265 мянган мал, хилийн зурвас нутагт 120 өрхийн 71 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 55 өрхийн 12,1 мянган мал өвөлжиж хаваржиж байгаа бол аймаг дундын отрын бүсэд 5 сумаас 62 өрхийн 174 хүн, 74.2 мянган мал өвөлжиж байна.

Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Баянтэс, Асгат сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 14 сумын нутагт 163 өрхийн 65.1 мянган мал отроор орон өвөлжиж байна. Дөрвөлжин сумын бүх баг, Ургамал сумын Тосгуур, Хульж баг, Завханмандал сумын Мандал, Олонбулаг, Олонтүрүү баг, Яруу сумын Зүйл, Хэц-Улаан багуудын баруун урд хэсэг, Алдархаан сумын Аргалант, Өгөөмөр багуудын нутгаар цас бага орж цасны зузаан төдийлөн нэмэгдээгүйгээс мал ундны усаар дутагдах нөхцөл үүсээд байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна