С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөлөө

Одоогоос 12 жилийн тэртээх энэ өдрийн өглөө Монгол Улсыг гашуудлын хар сүүдэр нөмөрсөн юм. Дэд бүтцийн сайд С.Зориг харамсалтайгаар амь насаа алдсан талаарх гунигт мэдээгээр Монголын радио, телевизийн нэвтрүүлэг эхэлж байв. Өнөөг хүртэл алуурчин нь  олдоогүй улстөрийн аллагыг ард олон мартсангүй, харамсалтайгаар хорвоог орхисон зоригт хүүгээ ч умартсангүй. Өнөө өглөө Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Талийгаачийн ар гэрийнхэн болоод  анд нөхөд, олон нийтийн төлөөлөл голдуухан цугладаг уг ёслол урьд урьдынхаас илүү хөл ихтэй байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн цэцэг өргөх ёслолд биечлэн оролцов. Хэдийгээр маргааш албан айлчлалаар мордох гэж буй ч Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Ардчиллын үйл хэрэгт хамт зүтгэж явсан С.Зоригийнхоо  хөшөөнд хүндэтгэл  үзүүлсэн юм. Түүнчлэн цэцэг өргөх ёслолд нам намын төлөөлөл хүрэлцэн очсон байлаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн Б.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс орлоо. Мөн С.Зориг агсны нэрэмжит “Сако” менежментийн дээд сургуулийн оюутнууд, Зориг сантай хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагын төлөөлөл цэцэг өргөх ёслолд оролцсон байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж