Оюутолгойн гэрээг цуцлуулахаар шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гэрээг цуцлуулахаар шүүхэд ханджээ

“Оюутолгой олз уу, гарз уу” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэрээ Засгийн газрыг шүүхэд өгнө хэмээн өгүүлж байсан Үндэсний шинэ намынхан хэлсэндээ хүрчээ. Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээ нь  Монгол улсын хувьд төдийгүй  иргэдэд эдийн засгийн онц хохиролтой, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн учир хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзэж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус намынхан  Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголиа инк” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох үндэслэлээ таван зүйлээр тайлбарлаж байгаа юм. Уг шаардалагад “Гэрээний  Засгийн газартай гэрээлэгч талд хэд хэдэн хуулийн этгээд оролцож байгаа нь гэрээний үүрэг, хариуцлагыг  бүрхэгдүүлж, улмаар Монголын талын эрх ашигт хохирол учруулахаар байна. Мөн санхүүгийн эх үүсвэр хамтран хайх үүрэг хүлээсэн “Айвенхоу Майнз Монголиа” Инк ХХК-г хөрөнгө оруулагч байдлаар тусгасан нь хууль зүйн болоод, эдийн засгийн чадамж бүхий бус этгээдтэй байгуулсан хэрэгжих үндэслэл багатай гэрээ болжээ. Түүнчлэн гэрээний 1.8 дахь заалт Улсын Их Хурлын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна” гэжээ. Мөн гуравдугаар зүйлд “Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ны хооронд  2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан тухай төвийн хэвлэл мэдээлэл, телевиз, радиогоор мэдээлсэн.  Энэ өдрөөс  хойш гэрээнд олон тооны засвар оржээ. Үүнээс үзэхэд талуудын энэхүү үйлдэл  нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Улсын Их хурал,  ард түмнийг хууран мэхэлсэн үйл ажиллагаа болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 –т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох дүр үзүүлэн хийсэн гэрээ болжээ гэж Үндэсний шинэ намаас үзсэн байна.

М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж