Асашёорюү зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Асашёорюү зодог тайлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Японы сумогийн хол­­боо­ноос зохион байгуулсан их авар­гын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очлоо.

    Мэргэжлийн сум бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тай­­лах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд болж өнгөрлөө. Японы сумогийн хол­­боо­ноос зохион байгуулсан их авар­гын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн очсон бол Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос түүний найз нөхөд, хүндэт зочид нь уригдан очжээ.

    Арлын орны үндэсний спортоор хичээллэж, нэгэн үе сумогийн дэвжээг эзэгнэж байсан их аварга Асашёорюү Д.Дагвадорж ийнхүү албан ёсоор сумогийн ертөнцийг орхиж байна. Хамгийн сүүлд дэвжээгээ үнсээд буухдаа тэрбээр "Миний цээжинд хоёр зүрх цохилж байна. Нэг нь төрөлх Монголоо хязгааргүй хайрлахын тулд. Нөгөө нь намайг хүмүүжүүлсэн Японы төлөө цохилж байна" хэмээжээ.

    1999 оны нэгдүгээр сард сумогийн ертөнцөд хөл тавьж байсан их авар­га Асашёорюү 2003 онд ёкозуна цол хүртэж, сумогийн дэвжээнээ 11 жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зин­даанд нийт 669 даваа авч, Эзэн хаа­ны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумо­гийн түүхэнд гуравдугаарт эрэм­бэ­лэгд­сэн юм. Тэрбээр мөн 2005 онд болсон зургаан башёд бүгдэд нь тү­рүүлж, энэхүү агуу амжилт гаргасан анхны сумоч болж байлаа. 

    Дашрамд сонирхуулахад, их аварга Асашёорюүгийн зодог тайлах ёслолын өмнөх өдөр буюу бямба гаригт озэки Чиётайкайн зодог тайлах ёслол мөн Кокугикан ордон болж өнгөрсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон хару башёгийн дараа их спортоо орхих шийдвэр гаргасан озэки Чиётайкайн ёслолд оролцохоор гадна, дотны олон зочид ирсэн бөгөөд 360 хүн түүний үсэнд хүрэх ёсыг гүйцэтгэжээ. Энэ үеэр озэки Чиётайкай “Сэтгэл маш их хөдөлж байна. Би өөртөө уйлахгүй шүү гэж олон удаа хэлсэн ч эцсийн мөчид нулимсаа тэвчиж чадсангүй” хэмээн ярьжээ. Тэрбээр цаашид өөрийн харьяалагдаж байсан Коконоэ дэвжээндээ үлдэж, залгамж хойчоо бэлдэх болно гэдгээ илэрхийлсэн юм.

    Фото энд дарж үзнэ үү.

    С.ШҮР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж