Цаазаар авах ялын эсрэг олон улсын хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Цаазаар авах ялын эсрэг олон улсын хуралд оролцов

Испанийн Мадрид хотод, 2010 оны есдүгээр сарын 28-29–ны өдрүүдэд үргэлжилсэн олон улсын хуралдаанаас, “Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс”-ийг албан ёсоор байгуулж, Дүрмийг хэлэлцэн баталж, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нараа томилж, цаазаар авах ялыг нэн даруй түтгэлзүүлж, улмаар 2015 оны төгсгөлд дэлхий нийтийн хэмжээнд бүрэн түтгэлзүүлэхийг уриалсан улс төрийн тунхаглал гаргалаа.

Хуралдаанд, Испани, Доминикан, Мексик, Монгол, Казакстан, Турк, Швецари, Португал, Франц, Итали, Өмнөд Африк, Филипинни, Алжер зэрэг улс орон элч төлөөлөгчөө ирүүлсэн бөгөөд, Монгол Улсаас, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг оролцсон юм.

Хуралдаанд  зөвлөх Г.Ганзориг, Цаазаар авах ялыг халах үйл ажиллагаа явуулах Комисс байгуулах, тунхаглал гаргах ажиллагааг бүхэлд нь дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж, цаазаар авах ялыг халах талаар Ерөнхийлөгч, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаарх Ерөнхийлөгчийн энэхүү онцгой санаачлагыг дэмжиж ирсэн Монголын Улсын төрийн болон төрийн бус байгууллага, жирийн иргэд, олон түмэн, гадаадын улс орнууд, олон улсын байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлэв. 

Испанийн Элчин сайд асан ноён Рафаел Валли, 2010 оны тавдугаар сард Монгол Улсад зочилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс байгуулах санаачлагад Монгол Улс нэгдэн орж, Мадридын хуралдаанд оролцохыг санал болгосон байна.    
 
Энэ удаагийн хуралдааныг Испани улсын засгийн газраас санаачлан, ивээн тэтгэж явуулсан бөгөөд Комисс цаашид Швецари улсад байрлаж, байнгын үйл ажиллагаагаа явуулах юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, цаазаар авах ялыг халах асуудалд онцгой ач холбогдол өгч, цаазаар авах ялыг Монгол Улсад халах тухай хууль санаачлаад байгааг, Комисс хөхиүлэн дэмжиж, Монгол Улсын энэ санаачлага нь дэлхий нийтийн хэмжээнд цаазаар авах ялыг халах ажиллагаанд чухал хувь нэмэр болж, хүний амьд явах эрхийг баталгаатай хамгаалах бодит жишээ болж байгааг, ноён Рафаел Валли илтгэлдээ онцлон тэмдэглэв.

Энэ чиглэлээр дагнан ажиллах олон улсын тухайлсан Комисс байгуулах үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж, санаачлага гарган ажиллаж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Комиссийн гишүүн орны төлөөлөгчид, Испани улсын засгийн газар гүн талархал илэрхийлж, Монгол Улс, цаашид Комисстой идэвхтэй хамтран ажиллаж, цаазаар авах ялыг Монгол Улсад нэн удахгүй халснаар, цаазаар авах ялыг халсан улс орон дэлхийн хэмжээнд нэгээр нэмэгдэнэ гэсэн итгэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж