С.Зориг агсныг мартаагүй 12 дахь жил

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

С.Зориг агсныг мартаагүй 12 дахь жил

Аравдугаар сарын 2. Энэ бол энэ жил 20 нас хүрч буй ардчиллыг Монгол Улсад авчирхад гар бие оролцож явсан С.Зориг агсны амь насаа бусдын гарт хэрцгийгээр алдсан өдөр. Энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Төрийн ордны зүг харан зогсох түүний хөшөө энэ өдөр хүндэтгэл илэрхийлэхээр ирсэн хүмүүсийн харцанд хэсэгхэн хугацаанд “өлгийдүүлэв”. Энэ үеэр олон хүний улс төрийн зорилготой үйлдэгдсэн хэмээдэг энэ хэрэг хэзээ илрэх вэ гэдэг асуулт хүн бүрийн амнаас гарч байлаа. Түүний хийсэн бүтээсэн бүхнийг төдийгүй түүнгүйгээр өнгөрөөсөн 12 жилийг хөшөөний дэргэд цугларагсдын хэн нь ч мартаагүй ажээ.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээр гэр бүл, найз нөхөд нь төдийгүй “Зориг” сантай хамтран ажилладаг гадаадын байгууллагын төлөөлөгчид, оюутан залуус гээд олон хүн цугларсан байв. Тэдгээрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар байсан. С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэхээр ирсэн хүмүүсийн дотор Ерөнхийлөгчийн хэлэх үгийг сонсох хүсэлтэй хүн олон байх шиг байсан. Магадгүй “Энэхүү хэргийн эзэн олдох юм болов уу даа. Улс төрийн зорилготой аллага гэдэг нь тодорхой” хэмээн ярилцах хүмүүст итгэл төрүүлэх үгийг Ерөнхийлөгчийн амнаас сонсохыг хүссэн биз. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллын үйл хэрэгт хамтдаа зүтгэж явсан намын нөхрийнхөө хөшөөнд улаан сарнай өргөн гурвантаа тойроод чимээгүй явсан юм. МАХН-ыг төлөөлж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, саяхан ажлаа хүлээн авсан МАСЗХ-ны дарга Х.Оюун-Эрдэнэ нар ирсэн нь хүмүүсийн анхаарлыг багагүй татсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх  “С.Зориг агсныг  хүн бүр дурсан санадаг. Амь насыг нь хороосон хүнийг олно гэдэгт итгэлтэй байна. Би хууль, цагдаагийн байгууллагын хүн биш болохоор хэргийн илрүүлэлт аль шатандаа явж байгааг сайн мэдэхгүй байна” гэсэн бол С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн, Иргэний зориг намын дарга С.Оюун “Ах маань бусдын гарт амь насаа алдаад 12 жил өнгөрлөө. Энэ хэргийг илрүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Магадгүй та бүхэн хэргийн эзэн яагаад олдохгүй байгаа болон илрүүлэх тал дээр ямар ажил хийж байгааг нь хууль хяналт, цагдаагийн байгууллагынхнаас сайн асууж, сануулах хэрэгтэй байх” хэмээсэн юм. Мөн “Лондонд саатуулагдаад байгаа Б.Хурц С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэсэн үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ талаар сайн мэдэхгүй байна”  гэсэн хариулт өгнө билээ.

Талийгаачийг дурсан санахаар цугларсан хүмүүсийн дотроос настай голдуу хэдэн хүний нүднээс нулимс цийлэгнэж харагдсан. Тэд “С.Зориг багаасаа л манлайлагч байсан. Ардчиллын төлөө, улс орныхоо сайн сайхны төлөө сэтгэлээ зориулсан цорын ганц хүн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд нэг л болохгүй байна даа гээд л суудагсан. ” хэмээн дурсан ярих аж. Мөн “С.Зориг агсны эхлүүлсэн ардчилсан хувьсгалыг юу л болгоод байна даа” хэмээн шүүрс алдах зарим хүн “Та нарыг тэр одоо ч харан зогсож байна” хэмээн сануулж байлаа.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж