Засгийн газар амлалтаа биелүүлээгүйд бухимдав

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Засгийн газар амлалтаа биелүүлээгүйд бухимдав

МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зарлан хуралдууллаа. Хэвлэлийн бага хурлыг  Засгийн газар нийгмийн даатгалын мөнгийг цаг хугацаанд нь байршуулаагүй талаар хийсэн юм. Ажил хөдөлмөр эрхлэгчид болон хувиараа даатгуулагч иргэдийн болон ажил олгогч эздийн сар тутам хуримтлуулсан 2,1 их наяд төгрөгийг үе үеийн Засгийн газар дур мэдэн хэрэглэснээс болж одоо ид хөдөлмөрлөж буй хүмүүс өндөр насны тэтгэвэрт гарахаараа авах мөнгөгүй болох аюул нүүрлээд байна гэж МҮЭ-ийнхэн хэлж байна. Энэ удаагийн Засгийн газрынхан зөвшилцөөний ширээнд суух үедээ нийгмийн даатгалын мөнгийг зувчуулснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд жил тутам бага багаар нөхөн төлөхөө амласан байна. Харамсалтай нь өнөөг хүртэл энэ амлалтаа биелүүлээгүйд бухимдаж байгаагаа тус холбооныхон нуусангүй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 266 тэрбум төгрөгийг төлж барагдуулсан байхаар тохиролцжээ. Зөвхөн энэ онд л гэхэд 35 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд хийх учиртай юм. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд ердөө 41,7 тэрбум төгрөг байршуулсан нь амлалтаасаа буцсан хэрэг төдийгүй ирэх оны төсвийн төсөлд нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны урсгал зардал, хөрөнгө оруулалтын төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон нь хууль бус үйлдэл гэж тэд мэдэгдэв. Нийгмийн даатгалын хөрөнгө гэдэг нь төрийн мэдлийн мөнгө огт биш бөгөөд ажил хөдөлмөр эрхлэгчид, ажил олгогч нарын зөвшөөрөлгүйгээр хуруу дүрэх эрх хэнд ч байхгүй юм. Тиймээс нийгмийн даатгалын талаар ирэх оны төсөвт тусгасан заалтаа эргэн харж үзэхийг Засгийн газар, УИХ-аас МҮЭ-ийн холбоо шаардаж байгаа юм байна. Мөн ойрын хугацаанд Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзах хүсэлтэй байгаагаа ч хэвлэлийнхэнд дуулгав.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж