Асашёорюүгийн ёслолын талаар Японы хэвлэлд

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн ёслолын талаар Японы хэвлэлд

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тайлах ёслол өчигдөр Токио хотын Кокугикан ордонд ёслол төгөлдөр болж өнгөрсөн билээ. Энэ талаар Японы Kyodo News агентлагийн мэдээллийг нэмэлт хачир, чимэггүй хүргэе.

Токио хотын шөнийн клубын гадна хүн зодож, танхайрсан гэх хэрэгт холбогдож, улмаар өнгөрсөн хоёрдугаар сард зодог тайлсан Монголын ёкозуна Асашёорюүгийн зодог тайлах ёслол ням гаригт Рёогоку Кокугиканд болж өнгөрлөө. Энэ жил 30 настай Асашёорюү ёслолын эхэнд сүүлчийн удаа нутаг нэгт сумочид болох Асасэкирюү, озэки Харумафүжи нарын хамт дэвжээнд хүндэтгэл үзүүлэх ёслол үйлдсэн юм. Мэргэжлийн сумогийн 68 дахь ёкозунагийн зодог тайлах ёслолд түүнийг хүндэтгэн, бахархаж явдаг мянга мянган хөгжөөн дэмжигчид нь оролцжээ. Хэдийгээр их спортоо орхисон ч нэр хүнд, нөлөө нь өдгөөг хүртэл хүчтэй хэвээр оршсоор буй их аваргын оичо буюу үсний хөхөлд хүрэх ёсыг нийт 380 хүн гүйцэтгэсэн байна.

Зодог тайлах ёслолын үеэр их аварга Асашёорюү “Башёгийн сүүлийн өдөр нэмэлт барилдаан хийх гэж байгаа юм шиг л хөгжөөн дэмжигчид маань намайг дэмжиж байна. Үүнээс илүү сэтгэл хөдөлж байсан удаа үгүй болов уу. Сэтгэл маш их хөдөлж байна. Сумогийн ертөнцөд хөл тавихаар Монголоос хамтдаа ирж байсан Асасэкирюүтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа миний хувьд дурсгалтай, үнэхээр чухал мөчүүд байлаа. Мөн Коконоэ байна, түүнийг бахархан, биширч, энэ агуу хүн шиг болохсон гэж хүсч байсан хүн маань мөн энд хүрэлцэн ирсэн байна. Талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.


Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлах ёслолынхоо үеэр хүүтэйгээ хамт дэвжээнд гарч ирэн хүндэтгэл үзүүлсэн байна.

Аатай, уран сайхан барилдаанаа үргэлж олны хайр хүндэтгэлийг хүлээдэг ч сумогийн хамгийн өндөр цол хүртсэн хүний хувьд элдэв асуудалд холбогдлоо хэмээн Японы сумогийн холбоо болоод хэвлэлийнхний зүгээс үргэлж шүүмжлэл хүртдэг байсан их аварга Асашёорюү талархал, хүндэтгэлээ илэрхийлж, сумогийн дэвжээгээ үнсч байлаа. “Би амьдралаа энэ дэвжээнд зориулсан. Сумогийн дэвжээ гэдэг амьдралын минь салшгүй, чухал хэсэг юм” хэмээн Асашёорюү энэ үеэрээ өгүүлжээ.

Асашёорюү Эзэн хааны цомыг 25 удаа хүртэж, сумогийн бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн агуу амжилттай нэгэн. Тэрбээр мөн сумог сурталчлах хүрээнд зохион байгуулдаг барилдаанд гэмтлийн улмаас оролцоогүй боловч Монголд хүмүүнлэгийн арга хэмжээний үеэр хөлбөмбөг тоглосон гэх хэргээр шийтгэл хүлээж, башё өнжиж байсан анхны бөгөөд цорын ганц ёкозуна билээ.

Их аварга ёслолын үеэр мөн “Хэрэв хойд төрөлдөө Япон хүн болж төрвөл жинхэнэ Япон оюун ухаан, Япон мөн чанартай ёкозуна болохыг хүсч байна. Харин одоо би амьдралынхаа дараагийн шатанд шилжиж байна. Илүү сайн хүн болж чадна гэдгээ хүн бүхэнд харуулахыг хүсч байна” гэжээ.

Ш.Тэргэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж