“Улаанбаатар Дулааны сүлжээ”-д хайр зарлахын учир

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар Дулааны сүлжээ”-д хайр зарлахын учир

“Улаанбаатар Дулааны сүлжээ” компани буюу хуучнаар Дулааны шугам сүлжээний газар яг өнөөдрийн байдлаар их мөнгөний авдар болж, улстөрчдийн арааны шүлсийг гоожуулж эхэллээ. Нийслэлд өдөрт хэд хэдээрээ шинэ барилгууд ашиглалтад орж, төдийчинээгээр дулааны шугамын эрэлт хэрэгцээ шаардагдана. Өнгөрөгч онд нийслэлд 266 барилга шинээр ашиглалтад орсноос улсын комиссын шалгуурыг 122 нь даваагүй. Улсын комисст мэргэжлийн хяналт, онцгой байдал, барилга хот байгуулалтын газар, салбарын яам, ус, цахилгаан, дулаан хариуцсан компани гээд нийтдээ 12 байгууллагын төлөөлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй баг гэсэн үг. Тэгэхээр дулааны компанийн хувьд маш том үүрэг хариуцлага үүрэх нь тодорхой. Дулааны нэгдсэн шугамд холбогдохгүй бол барилга барьсны хэрэг гэж юу байхав. Тэртээ 70 гаруй жилийн түүхтэй нийслэлийн дулааны шугам сүлжээ өнөөгийн энэ их барилгажилтын үед хаа хаанаа хүрэхгүй. Тэгэхээр газар олж байшин барьж, дулаанд холбуулахын тулд ар өврийн хаалга хэрэглэхээс өөр аргагүй болно. Энэ бүхний цаана ихээхэн хэмжээний авилга, өгөө аваа гарч ирэх учиртай. Нийслэлийн дулааны шугам сүлжээ ачааллаа дийлэхээ байчихаад сүүлийн жилүүдэд байнга дулааны шугамыг сольж, шинэчлэх ажлууд хийгдэх болсон. Тэртэй тэргүй ачааллаа дийлэхгүй байгаа шугам сүлжээгээ өргөтгөж, шинэчлэхийн тулд “Улаанбаатар дулааны сүлжээ” компани, түүнийг толгойлдог Д.Бямба-Очир гэгч эрхэм юу санаж сэдэж суудгийг мэдэх ч юм алга. Ямартай ч хотын удирдлагад хэлж дуулгалгүй энд тэнд шугам янзалж засах нэрийдлээр ухаж төнхөөд хаячихдаг хэмээн хотын дарга зэмлэж суусан нь саяхан. Тэрээр “Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулж, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах гэж ажил хийдэг. Гэтэл дулааны шугам сольж байна гээд зөрүүлээд газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж байна” хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн. Харин энэ бүхэнд Д.Бямба-Очир дарга хэрхэн хариулсныг мэдэхгүй. Юутай ч өдрийн нэг барилга шинээр ашиглалтад орж байгаа өнөө үед дулааны шугамд холбогдох гэж барилгын компани, Бямба-Очир дарга хоёрын хооронд “жинтэй” яриа үүсдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Мэдээж танил талгүй, мөнгө төгрөггүй бол энэ тухай ярьсны ч хэрэггүй биз. “Улаанбаатар дулааны сүлжээ” гэх их айлыг ихээхэн мөнгө хийж болох газар гэдгийг сүүлийн үед улстөрчид анзаарч, шүлсээ гоожуулах болсон нь нууц биш. МАХН-ын томоохон улстөрчийн хараа, бараа хоёр энэ газраас салахгүй зовоож байгаа тухай ч эх сурвалж ярьсан юм. Д.Бямба-Очир даргын хувьд энэ байгууллагыг толгойлоод бараг зургаан жил болох гэж байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хоёрын халаасны хүн гэгддэг энэ эрхмийн хувьд одоогоор ямар ч улстөрийн бат нот тулгуургүй болчихсон ганцаардаж яваа гэдэг. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед энэ байгууллагыг толгойлохоор болсон нь учиртай. Д.Бямба-Очир тухайн үед “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон намын хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад томоохон мөнгөний “уурхайн” даргын сэтэр зүүхийн тулд намаасаа гарч МАХН-д элссэн гэдэг. МАХН-д элсээд удаагүй байтал засаг солигдож Б.Эрдэнэбат тухайн үеийн Түлш, эрчим хүчний яамыг толгойлох болсон нь мань эрд ёстой л аянга буух шиг болж. Тэр МАХН-д элсэхдээ “Миний хамгийн том алдаа бол Эх орон намд элссэн явдал” хэмээн тэнэгтсэн нь их нь ичиж, бага нь уйлав гэгч юм болсон гэдэг. Гэлээ гээд яахав. Ардаа асаалттай танк зоочихсон Д.Бямба-Очирыг Б.Эрдэнэбат яаж ч чадалгүй байсаар өөрөө халаагаа өгчихсөн. Ийнхүү дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр зургаан жилийг барсан Д.Бямба-Очирыг одоо бараг л чигчий хуруугаараа түлхчихэд л өөрөө унаад өгчихөөр байгаа хэмээн тохуу хийгчид олон болжээ. Түүний арын хамгаалалт суларсан, бас их мөнгөний сургаар нийслэлийг ганц сайн баллаж байна гэдгээр шалтаглан түлхэж унагахаар улстөрчид өвөр зуураа шивнэлдэж эхлэв.

ТИС төгссөн инженер мэргэжилтэй, 23 жил “Дулааны сүлжээ” компанид ажилласан Д.Бямба-Очир даргын хувьд нийслэлд барилга барина гэдэг томоохон сүлжээний бизнесийн гол судсыг атгаад овоо хэдэн жилийн нүүрийг үзсэн. Тэр дөнгөж энэ байгууллагын дарга болж байхдаа энэ байгууллага бол үйлчилгээний байгууллага. Дулааны эрчим хүчийг тээвэрлэж, худалдан борлуулдаг. Энэ утгаараа аль болох хэрэглэгч нартаа хандсан, тэдэндээ ойртсон бодлого явуулна. Өөрөөр хэлбэл, үйлчлэгч, хэрэглэгч хоёрын харилцан сэтгэл ханамжийн төлөө, зах зээлээ өргөтгөхийн төлөө ажиллана” хэмээн ярилцлага өгч байсан. Тэр хэлсэн үгэндээ ч хүрсэн. Дулааны эрчим хүчийг хангалттай тээвэрлэсэн, хүртээсэн. Тэр хэрээрээ халаасаа ч түнтийлгэсэн. Үйлчлэгч, хэрэглэгч хоёрын сэтгэл ханамжийн тухайд бол арай өөр байх шүү. Ялангуяа шинэ орон сууц өндөр үнээр худалдан авч орчихоод хангалттай дулаан авч, өвлийн хүйтэнд зутрах юмгүй сууж байгаа гэх оршин суугч ер байдаг болов уу даа. Арван барилгад түгээх дулааныг 100 барилгад хуваарилаад байхаар юун наадам, юун цагаан сар болно биз дээ. Уг нь тэрбээр тухайн байгууллагыг толгойлохоор ирэхийн өмнөхөн 1000-ын шугамыг ашиглалтад оруулсан нь инженерийн байгууламжийн чадамж, бүтээмж, нийлүүлэлтийг дээшлүүлэх зорилготой байсан. Алслагдсан хэрэглэгчдэд дулааны алдагдал багатайгаар очихоор тооцоолсон.  Харин одоо 1000-ын шугам хаагуур явааг мэдэх хүн ганцхан Бямба-Очир дарга л байх. Өдийд аалзны тор шиг хэрэгдчихээд танигдахаа больсон биз.  Уг нь бол 2010 он хүртэл нийслэлчүүдийг 1000-ын шугамын ачаар халуун дулаан байлгах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Гэтэл VI бичил хороолол, XVI хорооллынхон даарч хөрсөөр өнөө өвөлтэй золгоно. 1000-ын шугамыг 2000 оны төгсгөлөөр барьж эхэлсэн бөгөөд Д.Бямба-Очир даргын хувьд энэ шугам барилгажилт идэвхжих 2010 он хүртэл нийслэлчүүдэд хангалттай хүрнэ хэмээн тооцоолж байсан ч тэр нь томоохон алдаа байсныг одоо хар толгойгоороо мэдэрч суугаа биз. Тиймдээ ч тэрбээр одоо нийслэлд шинэ, тав дахь цахилгаан станц үтэр түргэн хэрэгтэй хэмээж суугаа.  Тэр бас нийслэлд баригдаж буй энэ олон барилгуудыг чанаргүй гэдэгтэй санал нийлэхгүй, сайн баригдаж байгаа, өнгө зүс нь ч сайжирч байна хэмээн уулга алдсан удаатай. Мэдээж шүү дээ. Хэдийчинээ олон барилга баригдана, түүний халаас төдийчинээгээр түнтийх болохоор баярлаж суух нь аргагүй шүү дээ, хөөрхий.

Б.ОЮУНГЭРЭЛ.

Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж