Төр шууд бизнест хутгалдахаар улс оронд маш их хохирол учруулдаг

“Монгол нүүрс” ассоциацийн ерөнхийлөгч Т.Нарантай уулзаж ярилцлаа.


-Танай нүүрсний салбарт шинэ мэдээ юу байна?

-Монголын нүүрсний салбарт шинэ юм ховор байна. Харин дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар хол даваад явж буй нь шуугиант үйл явдал болж байна.

-Харин монголчууд 72.5 ам.доллараар нүүрсээ зарах болсондоо баярлаад, бахархаад сууж байгаа шүү дээ?

-Австралид болсон далайн шуурганаас болж Хятад, Япон, Зүүн Азийн зах зээл дээр 20 сая тонн коксын нүүрсний нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Үнэ нь “гэрлийн хурд”-аар өсч байх шиг байна. Цаашид лав нэг, хоёр сарын хугацаанд энэ өсөлт зогсохгүй гэж ажиглагчид дүгнэж байгаа. Харамсалтай нь, энэ нь монголчууд бидэнд огтхон ч падлийгүй юм даа.

-Яагаад?

-Боломжийг ашиглах хурд, маневр, нөхцөл, бодлого бидэнд алга. Дэд бүтэцгүй, нэвтрүүлэх хүчин чадал маш бага, эцсийн хэрэглэгчтэй шууд харилцаж чаддаггүй гээд олон хүчин зүйлс өнөөгийн үнийн өсөлтийг ашиглах боломж олгохгүй байна. Австралийн нүүрс бол эцсийн хэрэглэгчдэдээ шууд хүрдэг. Тэдний уурхайд дээр нь очиж худалдаж аваад, дунд нь ажиллаж өртөг нэмэгдүүлэн, том ашиг унагагчид гэж тэнд байдаггүй. Нүүрс нийлүүлэгч, эцсийн хэрэглэгч хоёр бирж дээр “уулзан” шууд наймаалцдаг. Гэтэл манайх тийм биш. Монголын нүүрсийг гол төлөв Хятадын худалдааны компаниуд шороотой чулуутай түүхийгээр нь худалдаж аваад дөнгөж хил давуулан угааж, баяжуулан эцсийн хэрэглэгчдийн шаардлагат бүтээгдэхүүн болгоод зардаг. Тэд бол Австралийн хар шуурганы “буян”-ыг шууд хүртэж чадаж байна.

-Тэгвэл яаж Монголын нүүрсний экспортын ашиг шууд олон улсын зах зээлийн үнэтэй холбогддог, үнэ өсөхийн хэрээр өндөр ашиг олдог болгох вэ. Тийм гарц, санаа танд байна уу?

-Үнэ бол бидний анхааарах хамгийн чухал асуудал биш л дээ. Тэгээд ч биднээс огт хамааралгүй асуудал. Харин бид өөрсдөдөө хамааралтай асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Нүүрсээ яг тухайн үеийн олон улсын зах зээл дэх үнээр зардаг болъё гэвэл яг тэр зах зээлийнхээ зарчмын дагуу ажилладаг болох ёстой, нүүрсний салбарынхаа дэд бүтэц, тээвэр ложистикийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд түргэн хөгжүүлэх хэрэгтэй. Төрийн ухаалаг бодлого байх хэрэгтэй.

Түүнээс биш төр нь уурхай эрхэлж, бүтээгдэхүүнээ түүхийгээр нь хямд зардаг компани байгуулчихаад, хувийн компаниудтайгаа өрсөлдөж ченжүүд рүү уралдаж гүйгээд байвал Монголын нүүрс хэзээ ч үнэд хүрэхгүй. Бид Хятад, Япон болон Азийн бусад орны гангийн үйлдвэрүүдийн шаардлагыг хангасан, кокс үйлдвэрлэлийн шаардлага, стандартад нь нийцсэн угааж, баяжуулсан нүүрсийг Монголдоо үйлдвэрлэдэг болсон цагт л дэлхийн зах зээл дэх үнийн өсөлт, уналт бидэнд хамаатай болно. Түүнээс өнөөдөр Австралид үер болохоор “алга ташаад” сууцгаах нь утгагүй, бас муухай.

-Монголын нүүрсний экспортоос их ашиг олдог гол тоглогчид нь Хятадын дундын ченжүүд юм байна, тэднээс манай нүүрсний экспортын хэмжээ ч, үнэ ч хараат юм байна. Монголын нүүрснээс ашиг олж хөлждөг ийм компани олон уу, эсвэл цөөн хэдэн Хятад компани монопольдоод байна уу?

-Нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдээд, тэрийг дагаад үнэ өсөөд байх үед ченжүүдийн тоо бас тэр хэрээр нэмэгддэг. Бас энэ бизнесээ тогтвортой хийдэг, өөрийн оролцоо нөлөөгөө байнга хадгалдаг хүмүүс байна, ашиг муутай үед нь өөрийн нөлөөллийн бүсээ алдахгүй хадгалах мөртлөө үйл ажиллагаа явуулж эрсдэл гаргалгүй ажаад, хараад, хянаад суудаг нь ч байна. Та нар мэдэх байх, "Винсвэй" гээд компани бий. Манай нүүрсийг олон жил зөөж, өндөр ашиг олж том болсон компани. 2012 оны сүүлийн хагасаас нүүрсний үнэ унаж эхэлснээс болоод бизнес нь уруудаж бараг дампуурах дөхөж байсан. Гэтэл өнгөрсөн жил манайхны хэллэгээр “цөм хийж”, хөрөнгийн бирж дээр хувьцааных нь үнэ хэд дахин өсөж бөөн шуугиан тарив даа. Эднийх манай урд хилийн цаахна талд өөрийн угааж баяжуулах үйлдвэртэй, зөвхөн манай нүүрсэнд л зориулж барьсан гэж болно.

Сонирхоод үзэхээр, 2015 онд дампуурлаа зарлах уу дээр тулж байсан үедээ гадаадаас авч Хятадад нийлүүлсэн тэдний нүүрсний ердөө дөрөвхөн хувийг л манай нүүрс эзэлж байсан бол 2016 онд бүх нүүрснийхээ 90 хувийг Монголоос авч цааш зарснаар асар өндөр ашигтай ажилласан байгаа юм. Миний сонссоноор бол Чалко, ТТЖИВИКО компаниудаас манай Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсийг аваад цааш зарсан гэсэн. Энэ нь манай нүүрсэн дээр зөв бизнес хийж чадвал ямар их орлого ашиг олох боломжтой гэдгийг харуулсан жишээ юм л даа.

-Сүүлийн жилүүдэд бизнест төрийн оролцоо улам нэмэгдэж байна. Төр хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөөд зогсохгүй өмчийг нь дээрэмддэг боллоо. “Эрдэнэт” дээр гэхэд хувьд байсан 49 хувийг УИХ, Засгийн газар "ялын тогтоол" уншаад л 100 хувь төрийн мэдэлд авчих жишээтэй?

-Хамгийн гунигтай нь тийм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг л харахад төр шууд бизнест хутгалдахаар улс оронд маш их хохирол учруулдаг юм байна гэдэг нь батлагдаж байгаа. Яг цэвэр эдийн засаг, бизнесийн зарчмаар нь явуулсан бол Монгол оронд, монголчуудын ахуй амьдралд богино хугацаанд үсрэнгүй хөгжил дэвшил авчрах бүрэн боломжтой төсөл байсан. Харамсалтай нь, энэ төсөл маань улс төрийн намууд улс төрийн ашиг сонирхлоо, тэдгээр намуудын толгой дахь цөөн улстөрч эрх мэдэлтнүүд хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх хүчирхэг хэрэгсэл болоод хувирчихлаа л даа. Гадныхан дэлхийн зах зээлд өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа сайн чанарын нүүрсийг манайхаас авахын тулд бизнесийн нийтлэг эрүүл саруул харилцаанд орж зах зээлийн хэлээр ярилцах биш харин Монголд эрх барьж буй намын том дарга нартай “эвтэйхэн ярьж ойлголцох” замаар ашиг олох нөхцөл байдлыг манай төр бий болгоод байгаа юм. Төр ч гэж дээ төрийн сэнтийд очсон хүмүүс л дээ.

Ганц Тавантолгой ч бус  Эрдэнэтээс эхлээд төрийн өмчит үйлдвэрүүд  бүгд тухайн үед Засгийн эрх авсан намын нөлөө бүхий цөөн улстөрчийн мэдлийнх болчихоод байна. Ямар ч хамаагүй аргаар намаа, өөрийгөө сонгуульд ялуулах, ингэхийн тулд иргэдэд таалагдах популист амлалтуудаар тархи угаах гэсэн өндөр албан тушаал бүхий улс төрчид бол ялангуяа урт удаан хугацаанд хэрэгждэг уул уурхайн төслүүдийг бол булшлаад л хаячихдаг юм байна.

-Төрийн өмчтэй компани, байгууллага хэчнээн алдагдалтай ажилласан ч дампуурдаггүй, алдагдалд оруулсны хариуцлагыг нь хэн ч үүрдэггүй шүү дээ. Улстөрчдийн хувьд төрийн компани эдийн засгийн ашигтай ажиллах нь чухал биш тэндээс хувь хүн, нам нь л ашиг олох нь чухал болсон шүү дээ?

-Тийм л дээ, энийг та бид бүгдээрээ харж байна. Харахаар барахгүй улс оронд улстөрчдийн учруулж буй хор хохирлын ялыг нийт иргэд та бид өөрийн биеэр эдэлж, тэр хохирлыг нөхөн барагдуулж байна. Зөвхөн өнөөдрийг л харъя. Тэтгэвэрт гарах насаа хойшлуулж, тэтгэвэр авч амьдрах хугацаагаа хасаж төлж байна. Тэртэй тэргүй нэгэн насанд бүү хэл нэгэн хоногт чүүтэй чаатай хүрэлцэн амь зогоож буй цалин хөлс, орлого, хэрэглээнээсээ долоон төрлийн татварын хэмжээг урьд, урьдынхаас нэмж улсын төсөвт төлөхөөр болж буй нь төрийн эрх баригчдын зөөлнөөр хэлвэл алдааг, хатуугаар хэлвэл лайг иргэд нуруундаа үүрч буй явдал. Хэрэв 2010 оноос Тавантолгойн ордод зөв менежмент хийсэн бол төр засаг өдийд иргэдийнхээ халаасыг ухаж суух биш харин ч бүх төрлийн татварыг бууруулаад эхэлчих боломжтой байсан гэж би боддог.

-Ер нь Монголын нүүрсний зах зээлд ирээдүй байна уу. Нүүрсээ баяжуулна, угаана, тээвэрлэх төмөр замтай болно гэж олон жил ярилаа, мөрөөдлөө. Даанч бүтэж байгаа ажил алга?

-Хятад, Япон, Зүүн өмнөд Азийн зах зээлийг харахад манай нүүрсний эрэлт хэрэгцээ, хэрэглээ байнга байна, цаашид ч байхаар байна. Харин манайд энийг судалсан, тооцоолсон, үүндээ тулгуурлаж гаргасан бодлого алга. Төмөр замтай болно гэж олон жил ярьсан. Одоо төмөр зам барих тухай ярьж эхэлсний тэдэн жилийн ой гэж тэмдэглэсэн ч болохоор болж. Хэрэв бид асуудалд эрүүл саруул ханддаг байсан бол төмөр замаа аль хэзээний тавиад, нүүрсээ угааж баяжуулаад, эцсийн хэрэглэгчдийн хүсэлт шаардлага, стандартад нийцсэн “Тавантолгой” гэдэг ч юм уу, брэнд бүтээгдэхүүн нийлүүлээд, Австралид үер болж өрсөлдөгч маань тамирдвал “ханцуйдаа сэмээрхэн баярлаад” сууж байх байлаа.

Нүүрс угааж баяжуулахын тухайд гэвэл хөндлөнгийн та нарт бүү хэл энэ салбарт чамгүй олон жилийг үдсэн надад огт ойлгогддоггүй нэг юм байдаг юм. 2016 онд Зүүн Цанхиас “Эрдэнэс Тавантолгой” компани 6,3 сая тонн нүүрс экспортод гаргасан. Бүгдийг нь түүхийгээр, тонн тутмыг нь 30 ам.доллар хүрэхгүй үнээр экспортолсон. Гэтэл хаяа залган оршдог Ухаа худагийн уурхай дээр “Энержи Ресурс” компани жилд15 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай үйлдвэр аль хэдийн бариад бүрэн ашиглалтанд оруулчихсан бараг сул зогсож байгаа. Гэтэл Монголын Засгийн газар яагаад нүүрсээ заавал түүхийгээр нь ямарч үнэ цэнэ нэмэгдүүлэхгүйгээр зөөж хилийн цаахна байх гадны үйлдвэрт угаалгадаг юм бэ.

-Чалкогийн өрийг дарна гэдэг том амжилт байх. Зургаан жил өдөр шөнөгүй нүүрсээ зөөсний эцэст өргүй боллоо гэж шинэ Засаг гайгүй сайн сурталчлах шиг болсон. Гэхдээ танай салбарынхан итгэл муутай, эргэлзээ байх шиг байна лээ?

-Чалкогийн өрийг төлж дууслаа гэсэн Засгийн газрын мэдэгдлийг л сонссоноос биш үнэхээр өр төлөгдсөн баримтыг би олж хараагүй л явна. Аливаа хоёр талын хооронд өгөө аваа, өр төлбөр дууссан бол түүнийгээ баталгаажуулсан бичиг баримт, гэрээ дүгнэсэн акт ч юмуу байх ёстой биз дээ. Монголын Засгийн газрын Чалкод төлөх өрийг “Эрдэнэс Тавантолгой” барагдуулсан нь үнэн юм бол Ерөнхий сайд биш юмаа гэхэд компаний захирал Д.Ариунболд тэр баримтыг ард түмэнд харуулах хэрэгтэй. Түүнээс биш Ерөнхий сайд, төрийн өмчит компанийн захирал хоёр бие биендээ өр дууссаныг нотлох батламж гардуулах нь монголчуудын ёслол билэгдлийн л юмуу гэхээс ажил хэрэгч үйлдэл биш.

Үнэхээр өр төлөгдсөн үү, эсвэл хоосон улс төрийн шоу яваад байна уу гэдгийг ялгахын тулд гэрээний дүгнэлтийг л харуулах ёстой. Ингээгүй тохиолдолд нэг бол өр төлөгдсөн гэдэг нь худлаа, эсвэл өр төлөгдсөн гэдэг нь төлөгдөөгүй байсан өмнөхөөсөө ч дор нөхцөлтэй нэмэлт гэрээ болон хувирсан байж болох талтай. 30 сая ам.доллар бэлнээр төлсөн гээд байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани хаанаас энэ мөнгийг авсан юм. Арай гэж Баруун Цанхиас борлуулахаар жаахан нүүрсний гэрээ хийчихээд түүнийхээ урьдчилгаанд авсан мөнгөө өгчихсөн юмуу? Тэгвэл дахиад л өөр нэг Хятадын компанид өрөнд орсон гэсэн үг.

-Өр төлөгдсөн ч гэсэн Зүүн Цанхийн нүүрсийг Чалкод үргэжлүүлэн нийлүүлнэ гэж анхны гэрээнд заасан. Тэр дагуу сая Чалкотой хэл амаа ололцох гэж хэсэг хугацаанд зүүн Цанхийн үйл ажиллагааг зогсоолоо. Энэ нь бас нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн л дөө?

-“Чалкогийн өрийг дарчихлаа гэж чанга дуугарах болоогүй” л юм шиг байгаа юм. Учир нь, Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80-ас доошгүй хувийг 10 жилийн турш зөвхөн Чалкод хямд үнээр нийлүүлнэ гэсэн гэрээтэйгээ мартаж болохгүй дээ. Одоо Зүүн Цанхийн нүүрсийг 60 хүрэхгүй ам.доллараар нийлүүлэхээр гэрээ хийж буй гэж би сонссон.

-Чалкогийн өр дууссан ч, TTJVCO-гийн өр эсрэгээрээ нэмэгдсэн гэж сонссон?

-Би ч бас тэгж сонссон. Ер нь засаг төр компанийн ажилд хутгалддагаас болоод “Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал нь огтхон ч буурахгүй, эдийн засгийн үр ашигтай ажиллаж чадахгүй юм байна гэсэн яриа, дүгнэлт манай салбарынхны дунд байдаг. Үүнийг компани өөрөө ч үгүйсгэхгүй байгаа. Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хүрээнд Баруун Цанхид орж ажилласан “Саусгоби Сэндс” ХК нэг куб.метр уулын цулыг 5900 төгрөгийн зардлаар хийж өгөөд ажлаа дуусгаад гарсан, мөн түүний араас Баруун Цанхид саяхан уулын ажил хийхээр орсон Монгол компаниудын нэгдэл нэг куб.метр уулын цулын өртгийг 6500-6700 төгрөгөөр бодож гэрээлсэн баримтуудыг би үзсэн. Гэтэл тэдэнтэй яг ижил ажил гүйцэтгэж буй TTJVCO-ын ажил гүйцэтгэх хөлс хоёр дахин өндөр байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н ашигтай ажиллах боломжийг улам л муутгаж байна гэсэн үг. Тэгээд тэр ажлынх нь хөлсөнд нүүрсээ бас хямдаар өгөх гэрээтэй гээд байгаа шүү.

-Яагаад Тавантолгойн баруун Цанхийн нүүрсийг 72.5 ам.доллараар зарж байхад зүүн Цанхийн нүүрсийг 57 ам.доллараар тогтсон юм бол. Нэг компанийн, нэг ордын хоёр уурхайгаас экспортлох нүүрс нь хоёр өөр үнэтэй байх нь ямар учиртай юм бол?

-Мэдэхгүй л дээ, тэрийг гэрээ хийсэн хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Ерөнхий сайд Баруун Цанхийн нүүрсийг 72.5 ам.доллар болголоо гэж зарласан. Энэ бол харьцангуй тоо. Баярлах ч, бас бахархаад байх ч тоо биш. Гэрээний үнэ 72.5 ам.доллар байна уу, ямар ч байж болно, тэр нь юутай уялдах уу гэвэл тэр үнэнд яг юу өгөх үү гэдэгтэй л уялдана. Худалдан авч байгаа тал тухайн үнэд нийцсэн бүтээгдэхүүнээ л авна. Коксжих нүүрсний үнэ, борлуулалтад нөлөөлдөг хэдэн хүчин зүйлс байдаг. Мах гэхэд л тарган туранхай, хонины ямааны, гуяны хүзүүний, зоорины эсвэл шинэ гэдгээсээ хамаараад үнэ нь өөр байдагтай л адил. Нүүрсний чийглэг, үнслэг, дэгдэмхий, коксжих чанар зэрэг хэдэн үзүүлэлтүүдээс нь хамаарч үнэ яригддаг. Энэ үзүүлэлтүүд ганц хоёр цифрээр өөрчлөгдөхөд л үнэ савладаг. Тэгэхээр тэр 72.5 ам.долларт яг ямар үзүүлэлттэй нүүрс өгнө гэж гэрээлсэн нь л сонин. Яг залгаа хоёр ордын нэг нь болох Зүүн Цанхийн нүүрсийг 57 ам.доллараар өгч байна гэж бод л доо. Тэгэхээр баруун Цанхийн нүүрсийг 20 доллараар илүү өгч байгаа юм чинь чанар нь 20 долларынхаа хэмжээгээр илүү байх ёстой. Нүүрсээ сорчилж өгнө л гэсэн үг шүү дээ.Газар доороос ухаж гаргаж ирээд юу гарсныг нь л 72.5 ам.доллараар өгч байна гэж ойлгож болохгүй.

-Нүүрсээ сорчилно гэдэг эдийн засагт ч, ордын үнэлэмжинд ч хортой шүү дээ?

-Олон нийтэд өндөр үнээр зарж байна гэсэн улс төрийн шоу хийгээд нүүрсээ сорчлоод зөөвөл хайран сайхан ордынхоо насыг богиносгож хорлон сүйтгэж байна гэсэн үг. Нүүрснийхээ сайн, мууг нь хольж, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн болгож өгч байж л эдийн засгийн үр ашигтай ажиллана. Тийм учраас ашигт малтмалын ордын ашиглалтын оновчтой технологи гэж маш чухал асуудал яригддаг. Ялангуяа нүүрсний ил уурхайн ашиглалтын технологи маш ончтой зөв байхгүй бол эхний хэдэн жилдээ сайхан тансаглаад л удахгүй алдагдалд орж дампуурах тал руугаа орох маш өндөр эрсдэлтэй байдаг. Далимд хэлэхэд, манайхан уул уурхайн үйлдвэрлэлийн асуудал ярихдаа технологийн талаар бараг юм ярьдаггүй нь сонин, бас гэнэн.

Хятадын тал 72.5 ам.долларын гэрээт нүүрсээ гэрээнд заасан чанар хангахгүй байна гэж голоод авахаас татгалзж байгаа гэж би сонссон. Энэ үнэн байж магадгүй. Угаасаа Хятад улс гаднаас импортлох нүүрсэнд чанарын үзүүлэлтүүдийг нь тодорхой заагаад өгчихсөн байдаг. Энэ стандартад нийцсэн ийм чанарын нүүрсийг хилээр оруулна, харин иймийг оруулахгүй гээд. Заримдаа Монголын компаниудын ачиж очсон нүүрсийг хил дээрээс буцаах тохиолдлууд ч гардаг.

-Сүүлийн үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас олон улсын зах зээлд IPO гаргая гэсэн яриа дуулдах болсон байна лээ. 1072 хувьцаа эзэмшигчиддээ ногдол тараана гэх шиг. Тийм боломж байгаа юм уу даа?

-Гол ордууд нь гадаадын компанид биет нөөц баялгаараа 5-10 жилээр барьцаалагдчихсан, компанийн засаглал нь өнөөгийн ертөнцийн хэмжүүрээр хамгийн мууд орох, тайлан баланс, данс тооцоо нь ил тод биш, олон улсын санхүү бүртгэлийн стандартад огт нийцээгүй, үндэснийх нь улстөрчдийн тоглолтын гол “талбай” болчихсон ийм компани IPO хийнэ гэхэд бэрх. Аливаа хөрөнгө оруулагчийн ганц зорилго нь тэр оруулсан хөрөнгө мөнгөө өсгөж авах, хувьцаагаа цааш зарахад анх авснаасаа хавьгүй илүү ашиг олоход л байдаг.

Тиймээс IPO хийх гэж байгаа бол энэ орд нь олон жилийн турш өндөр үр ашигтай байх болно гэдгийг л хөрөнгө оруулагчдад нотлон харуулж, итгүүлэх ёстой. Наад зах нь олон улсын нийтлэг шаардлагыг хангахуйц компанийн засаглалтай, үйл ажиллагаа, тайлан балансаа олон улсын стандартын дагуу гаргадаг, тэр нь ил тод, бүрэн нээлттэй байх шаардлагатай.

Иймэрхүү хамгийн эхний шаардлагуудыг хангаагүй тохиолдолд олон улсын ямар ч бирж Тавантолгойн IPO-г хөрөнгийн бирж гаргахыг зөвшөөрөхгүй. Олон улсын хөрөнгийн биржүүдийн баримталдаг хууль, журмыг сайтар судалж, тэдгээрт нийцүүлээгүй байж ингэж ярих нь улс төрчдийн бас нэг хоосон популизм, ард иргэддээ “шилний цаанаас чихэр долоолгосон” явдал болно.

-Манай эрх мэдэлтнүүдийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлүүдийг хараад байхад төр л хамгийн сайн, улсын баялаг төрийн өмчид байх нь л хамгийн зөв гэдэг болж?

-Газрын доорхи баялгаа түшиглэн уул уурхайн үйлдвэрлэлээ зөв хөгжүүлснээр улс орноо өндөр хөгжилд хүргэж, ард түмнийхээ аз жаргалтай сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлсэн улс орон дэлхийд зөндөө олон. Энийг өөрийн биеэр очиж, өөрийн нүдээр харсан дарга нар ч манайд хангалттай олон. Харамсалтай нь, биеэр үзэж, нүдээр харсан мөртлөө тэр зам руу улс орноо оруулахыг хичээхгүй байгаа нь нэн сонин.

Канад руу л гэхэд Монголын сүүлийн 20 жилийн турш үе үеийн бүх дарга нар та бидний мөнгөөр очиж үзэж, гайхан биширч, магтан сайшааж ирсэн. Норвегийн баялгийн сан гэж нэг гайхалтай юм байдаг юм байна, бид яг л тэгэж газрын баялгаас орсон орлогоо ард түмэндээ тэгш хувиарлан өгч жаргаана гэж баахан уяраасан. Гэхдээ бас дургүй юмаа харах дургүй юм шиг байгаа юм.

Ганц жишээ хэлэхэд, Норвегийн газрын баялгийг төрийн өмчит компани экспортлохыг хуулиараа хориглосон байдгийг ярихгүй байгаа юм л даа. Төрийн өмчит компаниуд л хамгийн мундаг байдаг гэж Хятадын төрийн өмчит томоохон компаниудыг жишээ татахдаа манай дарга нар их дуртай. Гэтэл саяхнаас Хятад улс төрийн өмчит компаниудаа цөөлөх, нэгтгэх, удирдлагынх нь тоог цомхотгох, эрх мэдлийг нь хязгаарлах, төрөөс олгодог бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг нь зогсоох, тэдэнд тавих ард түмний хяналтыг хүчтэй болгох талаар маш эрчимтэй арга хэмжээ аваад эхэллээ шүү дээ. Яагаад гэвэл төрийн өмчит компани маш үрэлгэн, хариуцлагагүй, авлига хээл хахуульд автсан байна гэдгийг нь тэд шалгаж тогтоосон байна. Төрийн өмчит 100 том компанийн жилийн орлого ашиг нь ижил хэмжээний хувийн 10 компанийн жилийн орлого ашгаас хэд дахин бага байгааг шалгаж тогтоосон дүнг нийтэлсэн байсныг манай зарим хэвлэлүүд ч орчуулж тавьсан байсан.

 

Ж.НЯМСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна