Хөнгөлттэй нөхцлөөр 650 сая төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хөнгөлттэй нөхцлөөр 650 сая төгрөгийн зээл олгожээ

Энэ онд Хэнтий аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд санд улсын төсвөөс 500 сая, арилжааны банкны 150 сая төгрөгтэй нийлээд 650 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн сан бүрдсэн билээ. Уг санд иргэдээс 1.8 тэрбум төгрөгийн 45 төсөл иржээ. Өнгөрсөн онд “ХАС” банкаар дамжуулж олгосон 773 саяын эргэн төлөлтөөс 157 сая төгрөг санд орж ирсэн байна. Энэ мөнгөнөөс сангийн зөвлөл, тодорхой хэмжээнд ажлаа эхлүүлсэн таван иргэнд 130 сая төгрөгийг нь нэмэлт санхүүжилт болгон өгчээ. Тухайлбал, Хэрлэн суманд барилгын ханын дүүргэлтийн блок үйлдвэрлэл, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй, Баян-Адарга суманд шинээр гурилын үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дэмжсэн байна. Энэ оны 650 сая төгрөгийн хөрөнгийг авсан 19 төслүүдийг сонирхвол, Хэрлэн суманд “Буянт-Оргил булаг” хоршоо цэвэр ус үйлдвэрлэхээр 49,4 сая, иргэн Чулуунбат сүүний үүлдрийн үхрийн ферм байгуулахаар 25 сая, “Түвшинтогтох” компани гахайн ферм байгуулахаар 19,2 сая, газар тариалангийн “Өндөрхаан” компани тэжээлийн үйлдвэрлэлд 50 сая, “Өнөд өсөх буян” компани хүнсний ногооны 90 тоннын багтаамжтай зоорь барихаар 50 сая, “Амарлингуй орших” компани ариун цэврийн цаас үйлдвэрлэхээр 20 сая, “Цагаан цахир уул” компани тахианы аж ахуй бий болгохоор 50 сая, иргэн Түмэнгэрэл сүүний үүлдрийн үхрийн аж ахуйнхаа хүчин чадлыг нэмэх зорилгоор 20 сая, иргэн Т.Болдбаатар замын хашлага, өнгөт хавтан үйлдвэрлэхээр 50 сая, барилгын “Оч Манлай” компани барилгын ханын дүүргэлтийн блок үйлдвэрлэхээр 50 сая, Норовлин сумын иргэн Ц.Баярсайхан мах сүүний үхрийн аж ахуйндаа 50 сая, Баян-Адарга сумын “Арангат Горхи” хоршоо сүүний тасгийнхаа хүчин чадлыг нэмж боловсронгуй болгохоор 20 сая, Жаргалтхаан сумын “Оюун Хан Мөрөн” компани өвөл зунгүй ажилладаг хүлэмжийн аж ахуй болон гахайн ферм байгуулахаар 25 сая, Дадал сумын иргэн Ц.Гомбосүрэн махны чиглэлийн үхэр үржүүлэхээр 40 сая, Биндэр сумын “Тунгалаг Онон” компани сүү боловсруулах заводоо шинэчлэхээр 30 сая, Бор-Өндөр хотын иргэн Баатарчулуун сүүний үхрийн ферм байгуулахаар 12 сая, мөн хотын иргэн О.Даваадорж айраг, талх, нарийн боовны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр 15,4 сая, тус хотын “Пүрдэн” компани блокон шахмал тоосго, өнгөт хавтан үйлдвэрлэхээр 35 сая төгрөгийн дэмжлэгийг авсан байна. Түрүүчээсээ жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлжээ. Жишээ нь, Хэрлэн сумын “Буянт-Оргил булаг” хоршоо “Хэрлэн” цэвэр ус, Бор-Өндөр хотын иргэн О.Даваадорж өдөрт дөрвөн төрлийн 500-800 ширхэг талх, гурван төрлийн нарийн боов, хэвийн боов, хэрчсэн гурилаа зах зээлд нийлүүлж, Өндөрхаан хотын “Цагаан цахир уул” компанийнхан тахианы аж ахуйгаа байгуулах газраа авч байшин барилгаа барьж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж