Б.Хурцыг хулгайлчихъя

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг хулгайлчихъя

Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн ажлын ал­баны дарга Б.Хурц Лондонд баригдчихаад таг чиг болов. Энд байгаа бидний хувьд тэр хүн ямар хэрэг хийчихэв ээ гэхээс илүүтэй түүнийг яаж эх орондоо авчрах вэ гэдэгт тун их санаа зовж буй. Бүгд л “Тусгай албаны ажилтнаа англичуудаас нэхье. Яаж ийгээд ирүүлье” хэмээн гасалж байна. Харин энэхүү дуулиантай асуудалд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, ам нээн тайлбар хэлэх учир­тай төрийн өндөр албаныхан юу ч болоогүй юм шиг үл тоомсорлож байгаа нь хачирхалтай. Б.Хурцаас арай өөр хүнд ийм юм тохиолдсон бол яах  байсан бол оо. Интерполоор эрэн сурвалжлаад л сүржигнэнэ дээ. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын үндэсний аюулгүй байдлын ажлын ал­быг хариуцдаг хүн харьд баригдчихаад байхад хонио хариулж яваад шуурганд урууд­сан малчин, Хөвсгөл да­лайд төөрч байсан Л.Гүн­далайгаас дор үзэж байгааг юу ч гэмээр юм.

Ер нь яаж ийгээд Б.Хурцыг эх оронд нь цаг алдалгүй авч­рах л хэрэгтэй байна. Уг нь түүнийг авчрах тийм хэ­цүү  биш. Дургүйд хүч­гүй гэгчээр зарим эрх мэдэлтэн түүнийг ирүүлэх сонирхолгүй байгаа учраас л ийм нөхцөл байдал үүсгээд байгаа байхгүй юу. Түүнийг авчрах уг нь амархан. Яаж гээч. Зүгээр л хулгайлчихъя. Ямар чадахгүйн зовлон байх биш. Энэ тал дээр манайхан айхтар туршлагатай шүү дээ. Ганц биш, хэд хэдэн улсын хил дамнуулж хулгайлсан ч чаддаг. Тэгээд ч Б.Хурц дар­га өөрөө хүн хулгайлсан хэрэгт холбогдсон гэгдээд бай­гаа. Тэгэхээс тэгэх гэсэн шиг чухал албаны чухал хү­нээ хулгайлаад л аваад ирье. Тийм овсгоотой хүн манай гүйцэтгэх албанд бишгүй бий. Харин дараа нь тэр ажиллагааг гүйцэтгэсэн хүн Б.Хурц шиг гэнэдэж  ийш тийшээ хамаагүй явахгүй л байна биз. Хэр баргийн аавын хүүгийн хийгээд бай­даггүйг хийчихээд зөвхөн Мон­голдоо ханхалзаж суухад хэн дураараа хүрч ирээд ба­рих юм. Ёстой лөөлөө байлгүй. Урьд нь манайхан хийж болсон юмыг дахиад нэг хийхэд болохгүй нь юу байх билээ.    

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж