АНУ Парисын хэлэлцээрээс гарч магадгүй

2017 оны 5 сарын 11

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарах эсэхээ удахгүй шийднэ хэмээн Цагаан ордон мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлчээр Италид болох Их долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Парисын хэлэлцээрээс гарах эсэхээ шийднэ хэмээн Цагаан ордноос тавдугаар сарын 9-ний өдөр гаргасан албан мэдээнд өгүүлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр 190 гаруй улс болон засаг захиргааны тусгай бүсийн оролцоотойгоор байгуулсан билээ.

Энэ хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг аль болох богино хугацаанд багасгах, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэхийг зорьж байгаа юм.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна