Пуужингийн системийг тойрсон маргаан

Хятад энэ сарын эхээр шинэ төрлийн пуужингийн туршилтаа Солонгосын хойгийн баруун хэсэгт явуулсан хэмээн батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Хэдийгээр Хятадын тал ямар пуужин, хэзээ туршсаныг мэдээлээгүй боловч энэ нь АНУ болон Өмнөд Солонгос улсад хандсан анхааруулга хэмээн ажиглагчид хэлж байна. Шинэ пуужингийн туршилт нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюулын эсрэг цэрэг, армийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг Хятадын батлан хамгаалахын сайд онцолжээ. Цэргийн шинжээчдийн таамагласнаар Хятад шинэ пуужингийн баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгур эсвэл Гансу мужаас Бохай тэнгис рүү харвасан бололтой. Хятадын засгийн газар пуужингийн систем нь Солонгосын хойг төдийгүй бүс нутгийн тэнцвэртэй байдалд заналхийлнэ хэмээн үзжээ.

Өмнөд Солонгост тавдугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болж нэр дэвшигч Мун Жэ Ин Хөх ордны тэргүүнээр сонгогдлоо. Шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин ард түмэндээ хандсан анхны мэдэгдэлдээ АНУ-ын пуужингийн системтэй холбоотой маргааныг эн тэргүүнд шийдвэрлэх амлалт өгчээ. Мөн тэрээр анхны айлчлалаа Вашингтоноос эхлүүлж, Япон улс, боломжтой бол Хойд Солонгосоор үргэлжлүүлэх бодолтой байгаа аж. Тэрбээр Солонгосын хойгийн зөрчлийг намжаах зорилготой олон улсын яриа хэлэлцээг дахин эхлүүлэх төлөвлөгөөтэй. Харин Бээжингийн эрх баригчид Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчтэй АНУ болон Пхеньянтай холбоотой үүссэн зөрчил, маргааныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна.

АНУ нь Пхеньяны баллистик пуужингийн заналхийллийн эсрэг пуужингаас хамгаалах системийг буюу (THAAD) Өмнөд Солонгост байршуулсныг оршин суугчид болон Хятад улсын зүгээс эсэргүүцэж байна. Пуужингаас хамгаалах системийг Солонгосын хойгт  суурилуулснаас хойш Пхеньян дөрвөн пуужингийн туршилт явуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ АНУ-ын “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Япон, Өмнөд Солонгосын талтай хамтран хойгт цэргийн сургуулилт явууллаа.

Хэдийгээр пуужингийн системийг Солонгосын хойгт байршуулж эхэлсэн ч ойрын хэдэн сард бүрэн ажиллагаанд орохгүй гэдгийг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ. Энэ ажил Өмнөд Солонгосын ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсны зэрэгцээ АНУ-аас пуужингийн системийн төлбөрийг нэхэмжилснийг Сөүлийн засгийн газар төлөхөөс татгалзжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пуужингаас хамгаалах системийг хойгт байршуулсны төлөө Өмнөд Солонгоос тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

Б.ТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна