Эрчим хүчний салбарын ажилтнуудын зөвлөгөөн болж байна

2017 оны 5 сарын 12

Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд Инженер, техникийн ажилтнуудын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо /2017.05.10-12/ зохион байгуулж байна. Зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 56 үйлдвэр, компанийн 250 орчим инженер техникийн ажилтнууд оролцож,  эрчим хүчний системийн өнөөгийн төлөв байдал, хэрэглээ, системийн горим ажиллагаа, аюулгүй байдал, салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төр, хувийн хэвшлийн үйлдвэр компаниудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг зөв зохистой шийдвэрлэх тухайд санал бодлоо солилцож байгаа юм.

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох “Монгол Улсын Эрчим хүчний салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын нэг нь суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх хүрээнд шинэ эх үүсвэрүүдийг барьж ашиглалтад оруулах юм. Энэ зорилтын эхлэл тавигдаж, өргөтгөлийн ажил эхлээд байна. Мөн баруун, зүүн өмнөд бүс болох нийт 11 аймгийг дөрвөн эх үүсвэрээр холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг зургаан жилийн хугацаанд дуусгах төслийн ажлыг хэрэгжүүлнэ” гээд салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Эрчим хүчний салбарт 10 мянга гаруй инженер, техникийн ажилтан бий. Тэдний төлөөлөл болсон 250 гаруй инженер, мэргэжилтнүүд өнөөдөр цугларч, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа ярилцан шийдвэрлэх арга замын тухайд саналаа солилцож байна. Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд бол салбарынхаа амин судас байдаг. Тэр утгаараа үгийг нь сонсож, санал бодлыг нь үйл ажиллагаандаа тусгах нь бидний үүрэг, хариуцлага гэж ойлгож байна” гэв.  

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд зөвлөгөөний хүрээнд “Салхит салхин цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна