Япончууд анх удаа нинжагаа судална

2017 оны 5 сарын 12

Японы Мие Их сургуульд Нинжагийн судалгааны төв ирэх долдугаар сард нээгдэх гэж байна. 2020 онд Токиод болох зуны олимпийн наадмын рекламанд нинжагийн дүрийг оруулж байгаа учраас ийм төв байгуулах шаардлага гарсан байна.

Нинжа бол дундад зууны үед Японд дэлгэрсэн нэг төрлийн бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг юм. Нинжа нь тагнуулч, хорлон сүйтгэгч, хөлсний алуурчин гээд олон үүрэг гүйцэтгэж байжээ. Нинжагийн дүрийг кино урлагт ихээхэн хэрэглэх болсноор дэлхийд танигдсан юм.

Мие Их сургууль нь Японы төв хэсгийн Ига хотод байрладаг. Энд байгуулагдах төв нь нинжагийн түүхтэй холбоотой бүхий л түүхэн баримтыг цуглуулан судлах, нинжа судлалыг бий болгох зорилготой хэмээн түүхийн ухааны профессор Южи Ямада Франс Пресс агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Төв судалгааны ажлаа япон, англи хэл дээр хэвлэх юм.

Түүхэн баримтаас үзэхэд Японд нинжагийн 49 бүлэглэл байсны хамгийн зартай нь Японы төв хэсгийн Ига, Каваками хавийн Кога бүлэглэл байжээ. Тэд тухайн үеийн нөлөө бүхий шогун Иэясу Токугавад хүчин зүтгэж байжээ. Иэясу Токугава нь тухайн үедээ дайсагналцаж байсан япончуудыг нэгтгэсэн хүн юм.

Нинжа нь сэлмийг гарамгай эзэмшсэн байдгаас гадна янз бүрийн металл хэрэглэл ихээхэн ашигладаг байсан.

А.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна