“Прокурорын дэргэд мөрдөн байцаах албыг байгуулах ёстой”

2017 оны 5 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд Прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах албыг байгуулах ёстой гэсэн асуудал хөндлөө.

Мөн чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад олонх гишүүн эзгүй, хэдхэн хүн ялтай юм шиг хууль хэлэлцэж, хэрэлдэж суугаад дүгнэлт хийх цаг нь болсон гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Онцгой чиг үүргийн мөрдөх алба байх ёстой.

Хоёрт, өнгөрсөн парламентын үед Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг хэлэлцэхэд маш цөөн хүн хэлэлцээд, би ганцаараа сууж хэрэлдэж байсан. Өнөөдөр 20 гаруй хүн сууж байна, ийм цөөн хүнтэй сууж чухал хуулийн төслийг хэлэлцэж таарахгүй.

Ажлын хэсгийн гишүүд хаана яваа юм. Төрийн хуулийг батлахдаа ард түмний хүсэл зоригийг илэрхийл гэж сонгодог.

Гуравт, амьдрал баян учраас хэргийг прокурорт буцаах асуудал гарна.  Хохирогчийн эрх гэдэг асар том юм үлдчихээд байна. Төр хохирох өөрөө мэдэж, цаана нь иргэд хохироод байна. Энэн дээр битгий хайнга хандаач ээ.  Асуудлыг нэг талаас зөвхөн битгий хар.  Өөр өнцгийнх нь яриаг заавал сонсож бай.

Үндсэн ажилдаа гишүүд хариуцлагагүй хандаж байна, Тамгын газар надад ирцийн мэдээ гаргаж өгөх шаардлага байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Баруун талын гишүүд байнга онгорхой байгаа. Хаана юу хийгээд тэнээд яваад байдаг юм. Гадуур зугаалаад явж байдаг, ямба эдэлдэг хэдэн гишүүнтэй, ял үүрч байгаа юм шиг суудаг хэдхэн гишүүдтэй боллоо.

Ардчилсан намын гишүүд цөөнх гээд эрхлээд байдаг, нэг нь ч байдаггүй. Хяналтын үүрэг нь хаачсан юм.

Мөрдөн байцаалтад буцаахаас аргагүй заалтыг эргэж харах ёстой. Бүлэг дээр ярих ёстой. Гарсан алдааг засах цорын ганц боломж энэ байдаг юм.

Эх орноосоо урвасан хэрэгт 25 жил ял сонссон эмэгтэйн хэргийг буцааснаар цагаадсан.

Монголд мөрдөн байцаах тусгай алба байхгүй бол болохгүй.  Саяхныг хүртэл байж байгаад татан буулгасан. Авлигатай тэмцэх газрын албан тушаалтан хэрэгт холбогдоход хэн шалгах юм, шүүгчийн хэргийг хэн шалгах юм  мэдэгдэхээ байсан. Цагдаагийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн бол хэн шалгах юм, ойлгогдохоо больсон.

Х.Нямбаатар аа, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг авч үз, энийг байхгүй болгосноос бүр дураараа болсон. Үүнээс болж, хэргийг захиалгатайгаар шийдүүлдэг болсон гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна