Монгол, Кувэйт улсын Засгийн газрын хоорондын анхдугаар хуралдаан болно

2017 оны 5 сарын 12

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Кувэйт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Яатийм Аль-Фадлиг хүлээн авч уулзлаа. 

Кувэйт Улстай тогтоосон найрсаг харилцаа шинэ шатанд гарч байгаад ЗГХЭГ-ын дарга талархаж байгаагаа илэрхийлээд, улс төрийн түвшин дэх харилцаагаа эдийн засгийн болон хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт өргөх боломж байгааг онцоллоо.

Энэ сарын 21-нд Кувейт Улсад болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны бэлтгэл ажил хангагдаж байна. Хуралдаанаар эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцан, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм.

Тухайлбал Кувэйт Улсаас “Түлэнхийн төв” барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангахад бэлэн болсныг баталгаажуулна. Мөн Хэнтий аймгийн Өндөрхаан хотод баригдах шинэ онгоцны буудлагын талбайг хатуу хучилттай болгох зэргийг Кувэйтийн Элчин сайд онцолж байлаа.

Кувейт Улс Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн, Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил тохиолдсон байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон айл өрхөд туслахаар 45 айлын сууц барьж бэлэглэж байгаа зэрэг тусламж, дэмжлэгт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат талархал илэрхийлэв гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна