“Оюу толгой” компани зургаан жилийн хугацаатай гэрээ байгууллаа

2017 оны 5 сарын 13

“Оюу толгой” компани Монгол Улсын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай “Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” шинээр байгуулсан байна. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн нягт харилцаа, хамтын ажиллагааны нэг илэрхийлэл юм. Эрчим хүчний гэрээ байгуулснаар манай ирээдүй, Монгол Улсад оруулах хувь нэмэр баталгаажиж байна. Уг гэрээ нь Оюу толгойн бизнесийн хөгжлийг тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг олгож байна. Бид Засгийн газартай хамтран дотоодын эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой компанийн хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү гэрээ байгуулагдаж байгаа нь стратегийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйн нэг нотолгоо юм” гэж тэмдэглэв.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь БНХАУ-ын Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан юм. 2014 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулж, БНХАУ-ын Өвөр Монголын эрчим хүчний сүлжээнээс эрчим хүч авах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

“Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Оюу толгой компани нь дотоодын эх үүсвэрээс эрчим хүч авах чиглэлээр Засгийн газрын холбогдох агентлаг, Засгийн газраас шалгаруулсан хөрөнгө оруулагчидтай дотоодод цахилгаан станц байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.

Шинээр байгуулсан гэрээ 2017 оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн зургаан жилийн хугацаатай хэрэгжинэ. Дөрөв дэх жилийн дараагаас дотоодод цахилгаан станц ашиглалтанд орсон нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох боломжтой юм байна.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна