Дэлхийн 99 оронд нэгэн зэрэг цахим халдлага гарлаа

2017 оны 5 сарын 13

Дэлхийг хэрсэн цахим халдлага өчигдөр /2017.05.12/ гарлаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хөгжүүлсэн байж болзошгүй гэгдэж буй хэрэгслүүрээр дамжсан халдлага дэлхийн 99 оронд бүртгэгдсэн байна. Дийлэнх нь Их Британи, АНУ, Хятад, ОХУ, Испани, Итали ба Тайваньд байжээ.

Цахим аюулгүй байдлын Avast компани хэдхэн цагийн дотор нийт 75 мянган халдлага бүртгэгдсэн гэж мэдэгдсэн байна. Windows үйлдлийн системээр дамжиж, WannaCry болон түүнтэй ижил төстэй нэр бүхий ransomware буюу мэдээлэл барьцаалж мөнгө нэхдэг төрлийн вирус тараажээ. Халдлагад өртсөн компьютерийн мэдээлэл түгжигдэж, 300 ам.доллартай тэнцэх Биткоин шилжүүл гэж заналхийлсэн байна.

ХАЛДЛАГАД ХЭН ӨРТӨВ?

Хамгийн том халдлага ОХУ-д хийгдсэн гэгдэж байна. Тус улсын Дотоод хэргийн яамны компьютерт халджээ. Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев  “Яамны нийт компьютерийн нэг хүрэхгүй хувд халдсан” гэдгийг хүлээн зөвшөөрч, гэхдээ “Вирусын байршлыг тогтоосон” гэж мэдэгдээд байна.

Мөн Оросын харилцаа холбооны “Мегафон” компани ч халдлагад өртжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Петр Лидов вирус компанийн сүлжээ компьютерт нэвтэрч чадаагүй, харин дуудлага хүлээн авах төвүүдийн компьютерт халдсан гэж мэдэгдсэн байна. Байдлыг хяналтдаа авсан гэж компани тайлбарлав.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газар энэ халдлагад өртжээ. Тус газрын ажилтан WannaCry програмын screenshot зургийг сошиал сүлжээнд тавьсан байв. Эмнэлэгт үзүүлэхээр цаг товлосон өвчтөнүүдийн мэдээлэл, мөн эмч нарын мэс заслын хуваарийн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн газраас яаралтай устгасан байна.

Германд орон нутгийн төмөр замын тасалбарын автомат машинууд халдлагад өртсөн бол Италид их сургуулийн компьютерийн лаборатори мөн халдлагын бай болжээ.

Испанийн харилцаа холбооны “Telefonica”, эрчим хүчний “Iberdrola” компани, мөн “Gas Natural” зэрэг томоохон газрууд халдлагад өртсөн байна. Компанийн бүх ажилчдыг компьютераа унтраахыг үүрэгдсэн гэнэ.

Португалийн цахилгаан холбоо компани, мөн хүргэлтийн үйлчилгээний “FedEx”, Шведийн орон нутгийн засаг захиргааны компьютерууд мөн өртжээ.

ХАЛДЛАГЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ?

Microsoft үйлдлийн системийн сул талыг ашиглан зохион байгуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны хөгжүүлсэн тагнуулын зорилготой цахим хэрэгслүүрийг ашиглан энэ халдлага хийгдсэн гэгдэж байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “The Shadow Brokers” нэртэй хакерын бүлэглэл дээрх хэрэгслүүрийг хулгайлан авч, ил болгосон юм. Microsoft компанийн зүгээс аюулгүй байдлыг хангах шинэ patch гаргасан ч үйлдлийн системээ шинэчилж, шинэ patch суулгаж амжаагүй хэрэглэгчдийн компьютер ийнхүү халдлагад өртжээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна