Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн цэцэрлэгт мод тарив

2017 оны 5 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ. Энэ удаа уг зарлигийн дагуу 15 дахь удаагаа орон даяар мод тарьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АСЕМ вилла хотхон дахь АСЕМ-ийн цэцэрлэгт мөнх ногоон гацуур мод тарилаа. Төрийн тэргүүнтэй хамт “Ардын үг” аяны дөрөв дэх удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсон ардын экспертүүд мод тарив.

АСЕМ-ийн зочдын дээд хэмжээний хоёр дахь өдрийн чуулга уулзалт болсон АСЕМ вилла хотхонд АСЕМ-ийн цэцэрлэг байгуулж байгаа юм байна.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Ардын экспертүүд энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр өнгөрсөн найман жилд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг сонссон юм. Үүний зэрэгцээ тэд АСЕМ вилла хотхон дахь АСЕМ-ийн цэцэрлэгт шинэс, гацуур, далан хальс, тэхийн шээг, монос, үхрийн нүдний  53 мод, бутыг тарив. 

Энэ тоо санамсаргүй биш бөгөөд 2016 оны долдугаар сард Улаанбаатарт амжилттай болсон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөл, олон улсын 2 байгууллагын төлөөлөл оролцсоныг бэлгэдэн ийнхүү 10 ширхэг гацуур, 10 ширхэг шинэс мод, далан хальс, тэхийн шээг, монос, үхрийн нүдний 33 бутыг суулгалаа.

Мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Мод тарих өдөртэй болохоос өмнө мод тарих нь сайн дурын үйл ажиллагаа байсан. Зарим ажлыг тодорхой дүрэм журам, зарлигтай, өдөртэй болгоход эмх цэгцэд ороод явдаг. Түүний нэг жишээ бол мод тарих өдөр юм. Жилд мод тарих хоёр өдөр байдаг. Энэ өдрөөр албан байгууллага бүхэн, бараг бүх иргэд энэ үйл ажиллагаанд хамрагддаг боллоо. Зөвхөн Улаанбаатарт биш, хөдөө орон нутаг, төв суурин газруудад энэ ажил эрчимтэй явдаг болсон.

Зөвхөн энэ өдөр биш, намайг сая зүүн аймгуудаар явж байхад мод тарих өдөр нь эхэлчихсэн, сарын аян болоод явж байна лээ. Ингэж өргөжиж байна. Өнөөдрийн энэ тарьсан мод найман настай. Найман жил ургуулахад мод ийм хэмжээтэй болж байгаа. Хүүхдээр бол сургуульд орж, гадаа гарч байна гэж бодох хэрэгтэй. Энэ мод 350-400 жил насалдаг. Бидний насыг хэд дахин нугалах ийм зүйл юм.

Нэг бэлгэдэлтэй зүйл нь өнгөрсөн жил болсон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөл, олон улсын 2 байгууллага, нийт 53 газрын төлөөлөл оролцсон. Яг энэ оролцсон газар дээр нь 53 модыг өнөөдөр тарилаа. Энэ цаашаа АСЕМ-ийн цэцэрлэг болж, Монголд байгаа Элчин сайдууд, бусад хүмүүс мод тарьж үргэлжлүүлнэ.

Хамгийн гол нь модоо арчлах. Хүүхэд арчилдагтай адил модоо арчлах хэрэгтэй. Манайд энэ дээр жаахан дутагдалтай байдаг. Модыг хариуцсан хүмүүс байх ёстой. 1000 мод хариуцсан хүн 1000 мал хариулсантай ижил. Модондоо сарын 5000 төгрөг ч гэдэг юм уу, тариф тогтоогоод, 1000 мод хариуцсан бол тэдэн төгрөгийн цалинтай гээд  явбал мод хариуцаад амьдралаа аваад явах хүн их байгаа. Ингэж аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагууд зохион байгуулалтад орох шаардлагатай. Ингэж байж л модоо ургуулна.

Мод тарих нь чухал, Ургуулж чадах юм бол модны ач холбогдол асар их. Их баярлалаа” гэлээ.

Иргэд Ерөнхийлөгчийн тайланг сонсохын зэрэгцээ өөрсдөө мод тарьж, байгаль орчин, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулсандаа сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлж байв.

Мод тарьсан иргэдэд “UBT Garden” компанийн мэргэжилтнүүд зааварчилгаа өгч, суулгасан модоо байнга эргэж, арчилж ургуулахыг зөвлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна