Баривчлахад шүүхийн шийдвэрийг үндэслэнэ

2017 оны 5 сарын 14

УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.

Хууль батлагдсан нөхцөлд яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно. Яллагдагчаас хэргээ шүүхэд шилжүүлэн хэлэлцэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байх юм.

Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээ авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх ажиллагааг шинээр оруулж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт нотолгоотой болсон гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын тайлбараар бол баривчлагдаж, хоригдоод ял авсан хүмүүсийн тохиолдлууд дээр анализ хийж үзэхэд 2014-2016 оны байдлаар нийт баривчлагдаж, саатуулагдсан хүмүүсийн дөрөвний гурав нь шүүхэд очоогүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байхад гэм буруугүй хүмүүсийг баривчилж, хорьсон гэсэн судалгаа гарчээ. Иймээс баривчлах, саатуулах явдлыг гагцхүү шүүхийн зөвшөөрлийг үндэслэнэ гэж хуулийн төсөлд тусгасан байна. Мөн баривчилж, саатуулсны дараа цагдан хорихдоо тодорхой үндэслэлтэй байна гэж хуулийн төсөлд зааж өгчээ. Ингэхдээ 72 цагийн дотор баривчлан саатуулдаг байсныг 24 цагийн дотор шүүхийн шийдвэртэйгээр баривчлан саатуулахаар хуулийн төсөлд тусгасан аж. Нэг үгээр илэрхийлбэл, үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорьж, хэрэг тулган хүлээлгэдэг эсвэл гүйцэтгэх ажил явуулж байгаад хэрэг нэмдэг асуудал байхгүй болно гэж ойлгож болох юм байна.

Нөгөөтэйгүүр, хэрэг үүсгэчихээд орхидог тохиолдол бий гэнэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа хэргийг хүчингүй болгодог байдлыг уг хуулийн төслөөр таслан зогсоож байгаа аж. Гурван сар тутам прокурор түдгэлзүүлсэн хэрэг дээр тусгайлсан хяналт тавьдаг байхаар журамлаж өгсөн байна. Тиймээс прокуроос гадуур хэргийг түдгэлзүүлж, сейфиндээ дардаг байдал арилна гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хэлж буй юм.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж хууль хяналтын байгууллагынхан тухайн хүнийг яллагдагчаар татлаа гээд зарлачихдаг.

Уг хэрэг шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, цагаатсан тохиолдолд энэ тухай нь зарладаггүй. Олон нийтийн дунд тухайн хүн гэм буруутан мэтээр ойлгогдоод үлддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон бол яллагдагчаар татагдсан гэдэгтэй нь адил хэлбэрээр хүчингүй болсон гэдгийг мэдээлнэ гэж зааж өгчээ. Хэрэв хэвлэлийн бага хурал хийж, яллагдагчаар татлаа гэдгээ зарласан бол дахин хэвлэлийн бага хурал хийж, гэм буруугүй гэдгийг долоо хоногийн дотор олон нийтэд зарлах үүрэг хүлээж байна. 

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна