МАХН-ын дарга тайлбар хийж байна

2017 оны 5 сарын 14

Эрэмбэлэх:
17:28 2017.05.14

МАХН-ын гишүүд жагсаал хийх эрх хүсэхээр болов

Засгийн газрын 11 дүгээр байр буюу Сонгуулийн ерөнхий хороо байрлаж буй байрнаас МАХН-ын гишүүд, дэмжигчид бүгд гарлаа.

Тус намын гишүүд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүсэх аж.

Учир нь гишүүдийнх нь тайлбараар бол Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцээд, МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Иймээс сонгуульд шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой гэж үзсэний үндсэн дээр жагсаал хийх шийдвэрт хүрч байгаа юм байна.

Мөн цаашлаад өлсгөлөн зарлана ч гэж хэлж байна.

16:30 2017.05.14
14:51 2017.05.14

Тэмцэл хурцдаж, СЕХ-г хамгаалалтад авлаа

14:35 2017.05.14
14:03 2017.05.14

МАХН-ын дарга тайлбар хийлээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр тайлбар хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил  хөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ-руу явж байсан гэсэн юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас гарч ирсний дараа дээрх тайлбар хийсэн юм.

Ш.ЧИМЭГ

13:36 2017.05.14

З.Баянсэлэнгэ: СЕХ-ны хурлыг нээлттэй хийх ёстой байсан

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ байрлаж буй байр буюу Засгийн газрын 11 дүгээр байр руу өнөөдөр МАХН-ын гишүүд, дэмжигчид дайрч орсноос бужигнаан үүсгэсэн.

Энэ асуудлын талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэвлэлийнхэнд товч тайлбар хийлээ. Тэрбээр “МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч ээ гэдэг шаардлага тавьж байгаа.

Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулахаар байгаа. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна.

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголчууд мартаагүй, таван хүний амь нас эрсдэж байсан. Сонгуулийн луйвраас болж ийм зүйл болсон. Өнөөдөр тэр үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга, бид аль болох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж байна” гэсэн тайлбар хийлээ.

Энэ цаг мөчид СЕХ хуралдаж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр холбогдох баримт бичгүүдээ ирүүлсэн гурван нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм.

13:35 2017.05.14

МАХН-ынхан СЕХ руу дайрч, үймээн үүсгэв

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны төв байр руу дайрч, бужигнаан үүсээд байна.

Иймээс цагдаагийнхан Сонгуулийн ерөнхий хороонд ирж, хамгаалалтыг нэмэгдүүлээд байна.

МАХН-ын дарга болон тус намын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх зүйн боломжтой, энэ асуудалд Сонгуулийн ерөнхий хороо улстөржихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна