FIBA-гийн удирдлагууд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

FIBA-гийн удирдлагууд Монголд ирлээ


FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Патрик Бауманн болон спортын захирал, Словакийн иргэн Любомир Котлеба нар өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирлээ. Улмаар өчигдөр орой 22.00 цагаас “Баянгол” зочид буудалд албан ёсны айлчлалынхаа талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. FIBA-гийн удирдах гишүүд ням гаригт нутаг буцах бөгөөд өнөөдөр төлөвлөсөн гол чухал ажлуудаа амжуулах ажээ.
 
Ноён Бауманн болон Котлеба нар Монголд ирсэн албан айлчлалынхаа талаар ярихдаа нэн түрүүнд Монгол Улстай танилцах, дараа нь Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах гишүүдтэй уулзаж, сагсан бөмбөгийн спортын хөгжилтэй биечлэн танилцах, үүнд тулгуурлан цаашдын хамтын ажиллагаанд ямар арга хэмжээ авах зэрэг талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэсэн юм. Түүнчлэн Яармагийн дэнжид баригдаж буй Спорт цогцолбортой танилцаж, цаашид энэ цогцолборт олон улсын чанартай ямар арга хэмжээ зохион байгуулах боломжтой эсэх талаар, мөн Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийг хурдасгаж, дэлхийн тавцанд сагсан бөмбөгийн төвшинг дээшлүүлэхийн тулд сайн дасгалжуулагч, шүүгчдийг бэлтгэх талаар мөн ярилцах ажээ. Хэвлэлийн хурлын үеэр мөн ноён Котлеба Монгол улс бокс, бөх, буудлага, байт харваа гэхчлэн ганчаарчилсан спортын төрлөөр өндөр амжилт гаргадаг, харин сүүлийн үед багийн спорт ч манай улсад эрчимтэй хөгжиж, эерэг үр дүн харагдаж байгааг онцолж байв.

Өнөөдөр Бауманн, Котлеба нар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлага мөн БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нартай уулзах бөгөөд маргааш өглөө МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилтой санамж бичигт гарын үсэг зурснаар албан ёсны айлчлал үндсэндээ өндөрлөх юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж